Монголбанк: ОУВС-ийн 36.22 сая ам.долларын санхүүжилт дансанд орж ирсэн

Олон Улсын Валютын Сангийн тав дахь шатны үнэлгээний санхүүжилт болох 36.22 сая ам.доллар дансанд орж ирсэн гэж Монголбанк мэдээллээ. Ингэснээр Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээг нэмэгдүүлжээ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Олон Улсын Валютын Сан Монгол Улсад шууд 217.33 сая ам.долларын санхүүжилт олгосон юм. Харин олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна гэж Монголбанк мэдээллээ.

Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл аравдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталсан юм. Тус үнэлгээгээр төсвийн тоон үзүүлэлтүүд зорилтоос даван биелж, гадаад валютын нөөц зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх гүйцэтгэлүүд зорилтыг хангахын хамт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна гэж дүгнэжээ.