ОУВС:"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн 5 дахь шатны үнэлгээг хийлээ

Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийж, 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа. Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд нийт 434.3 сая ам.долларын санхүүжилт олгохоос одоогийн байдлаар 217.33 сая ам.долларыг нь ийнхүү Монгол Улсад олгоод байна. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улс төсөвтэй холбоотой гол зорилтуудаа давуулан биелүүлсэн гэж Олон Улсын Валютын Сан дүгнэж байна. Хэдийгээр дотоод, гадаад өр их байгаа боловч эрх баригчид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахаар ажиллаж байгааг мөн онцолжээ.

"Гэхдээ Монгол Улс гадаад, дотоодын гэнэтийн шоконд мэдрэмтгий хэвээр байна" гэдгийг Олон Улсын Валютын Сангийн тэргүүн болон дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Мицухиро Фурусава мэдэгдсэн байна.