Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд хэдэн төгрөг зарцуулах вэ

2018-2021 онд Швейцарын Хөгжлийн агентлаг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс олгох зургаан сая гаруй ам.долларын буцалтгүй тусламжийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах талаар Нийслэлийн засаг даргын тамгын газар мэдээллээ. Мөн Дэлхийн банкнаас "Улаанбаатар цэвэр агаар" төсөлд 2012-2018 оны хугацаанд 15 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байна. Үүнээс 2018 онд 2.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Төсөл хэрэгжих хугацаанд 41 орчим мянган өрхийг бүрэн шаталттай зуухаар хангаж PM2.5 тоосонцрын үзүүлэлтийг 20 хувиар бууруулсан гэж Нийслэлийн засаг даргын тамгын газар дүгнэжээ. Мөн 200 айлын дулаан алдагдлыг бууруулж, 950 агаар цэвэршүүлэгчийн 91 цэцэрлэгт байршуулсан байна. Хэдий тийм боловч Үндэсний аудитын газар 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын төлөвлөлт, түүний хэрэгжилт үр нөлөө хангалтгүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм.

Харин 2018 оны нийслэлийн төсөвт “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн батлагдсан дүнгээс таван тэрбум гаруй төгрөгөөр буурсан дүн болж байгаа юм. Түүнчлэн 2017 онд зарцуулаагүй үлдсэн 6.4 тэрбум төгрөг байгаа ажээ. Ирэх оноос түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлнэ.

Одоогоор түүхий нүүрсний хэрэглээг орлуулах шахмал түлшний үйлдвэр “ТЭЦ-2” дээр ажиллаж байна. Ирэх 11 дүгээр сард Толгойтод шинэ үйлдвэр ашиглалтад орох талаар “Таван толгой түлш” компани мэдээллээ.