Хятадын биржүүдийн индекс сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрлээ

Хятадын хөрөнгийн биржүү­дийн нэг өдрийн өсөлт даваа гарагт сүүлийн гурван жилд тохиолдоогүй өндөр байлаа. Уг өсөлт үнэт цаасны худалдаа нийтийг хамарсантай уялдан Бээжин хөрөнгө оруулагчдыг тайвшруулж, зах зээлийг тогтвор­жуулахаар авсан арга хэмжээний үр дүн юм. Шанхай, Шэньжэнийн хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй компаниудын CSI 300 индекс 4.3 хувийн өсөлттэй хаагдсан нь 2015 оны арваннэгдүгээр сараас хойш тохиолдож байгаагүй нэг өдрийн өндөр өсөлт болов.

Хонконгийн биржид бүрт­гэлтэй эх газрын компаниудын хувьцааны үнэ ч өслөө.

Хятад компаниудын Hang Seng China Enterprises индекс 2.6 хувиар дээшилсэн нь тавдугаар сараас хойших үнэмлэхүй өсөлт байлаа. Hang Seng бенчмарк индекс 2.3 хувиар өссөн нь БНХАУ-ын компьютер тоглоомын Tencent компанийн хувьцааны үнийг 3.2 хувиар нэмэгдүүлэв. Хөрөнгө оруулагч нар сүүлийн хэдэн долоо хоногийн турш Хятадын үнэт цаас зарцгаасан нь CSI 300 индексийг 2016 оны нэгдүгээр сараас хойш тохиолдож байгаагүй эрчтэй буурахад хүргэжээ.

БНХАУ, АНУ-ын хооронд дэгдсэн худалдааны дайн, хөгжиж буй зах зээлийн валютын ханшийн сулралт ч хөрөнгө оруулагчдын түгшүүрийг ихэсгэсэн юм. Японыг оруулж тооцдоггүй MSCI Asia индекс нэгдүгээр сараас хойш 23 хувиар буурлаа.

БНХАУ-ын даргын эдийн засгийн тэргүүн зөвлөх, худал­дааны хэлэлцээр хэлэлцэн тохиролцогч гол хүн, ерөнхий сайдын орлогч Лю Хө болон Хятадын төв банк, банк, үнэт цаасны зохицуулах байгуул­лагуудын удирдлагын мэдэгдэл бүтэн хоёр арилжаа дараалсан уналтыг зогсоож чадав. Ноён Лю өнгөрсөн долоо хоногт өгсөн тайлбартаа худал­дааны дайн эдийн засагт сөрөг нөлөөлөх тухай нийтийн түг­шүүрийг няцаасан. “Сэтгэл санааны нөлөө бодит нөлөөнөөс давамгай байгаа”-­г тэрбээр анхааруулсан юм.

Хоёр гүрний худалдааны яриа хэлэлцээрт ойр нэгний тайлбараас үзвэл Хятадын дээд албаны хүмүүс ирэх сард Аргентинд хуралдах G20-­ийн уулзалтаар Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай тохиролцох найдвар бага гэсэн бодолтой байна.

Бээжинг худалдааны буурь суурьтай яриа хэлэлцээ өрнүүлэхээс цааргалдаг хэмээн ноён Трампын эдийн засгийн тэргүүн зөвлөх Ларрин Кудлов саяхан Financial Times-­д өгсөн ярилцлагадаа буруутгасан.

Нөгөө талаар Трампын худалдааны дайн эдийн засгийн удаашрал, хөрөнгийн зах зээлийн сулралыг улам гааруулахаас Хятадын албаны хүмүүс болгоомжилдог.

Ноён Лю санхүү, эдийн засгийн бодлого тодорхойлогч тусгай хороог өнгөрсөн долоо хоногт хуралдуулсан. Шинэ бодлого тодорхойлоогүй уг хуралдаан урьд нь зарлаад байсан татварын хөнгөлөлтийг нарийвчлан тайлбарлаж өгсөн нь даваа гарагт хөрөнгийн зах зээл сайжрахад түлхэц болжээ.

“Тусгай хороо зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхээр хуралдсан”­-ыг Бээжинд төвтэй консалтингийн Trivium компанийн Эндрю Полк тайлбарлав.

Их 20­-ийн уулзалт үр дүнтэй болох эсэхэд эргэлзэж буй БНХАУ-ын засгийн газрын хувьд уулзалтаас өмнө зах зээлээ тогтворжуулах нь чухлыг MUFG-ийн глобал зах зээлийн судалгааны Дорнод Ази хариуцсан тэргүүн Клиф Тан өгүүлсэн юм.

Дотоодын сангийн мене­жерүүдээс бүрддэг “Үндэсний баг”­-т хувьцаа ахиу худалдан авч, хөрөнгийн зах зээлээ дэмжих үүргийг БНХАУ-ын засгийн газраас өгсөн байж болзошгүйг тэрбээр нэмж анхааруулав. Эрх баригчид урьд нь 2015 онд ижил төстэй арга хэмжээ авч Хятадын үнэт цаасны зах зээлд оролцож байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын төв банк тус улсын банкны тогтолцооны хөрвөх чадварыг сайжруулах тодорхой арга хэмжээ авахаар амалсан. Мөн Хятадын хувь хүний орлогын татварт зарим хөнгөлөлт бүхий түр өөрчлөлт оруулж буйг тус улсын төрийн мэдээлийн агентлаг зарласан юм.