Лендмн: "Viber" ашиглан "Ленд хэтэвч"-ээр мөнгө шилжүүлж болно

2018 оны эхний хоёр улирлын байдлаар мобайл банк буюу гар утсанд зориулсан банкны үйлчилгээ ашиглагчдын тоо давхардсан тоогоор 3.5 сая хүрсэн тухай Монголбанк мэдээллээ. Нийт 12.2 сая удаагийн цахим гүйлгээ хийгдэж, 2.3 их наяд төгрөг солилцсон байна. Төлбөр тооцооны гүйлгээ картын хэрэглээнээс цахим үйлчилгээ рүү шилжиж байгааг Төв банкныхан онцолж байгаа юм. Хамгийн сүүлд "Лэндмн ББСБ" ХК цахим төлбөр тооцооны "Лэнд хэтэвч" үйлчилгээгээ танилцууллаа. Энэхүү бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрснээр гар утсаараа өдөр тутмын хэрэглээний төлбөр төлөх, хувь хүмүүс хоорондоо шимтгэлгүй мөнгө шилжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм байна. Үүнээс гадна “Viber” аппликэйшн ашиглан мөнгө шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн талаар тус компани мэдээллээ. Цаашид “Facebook Меssenger”-т “ЛэндМН”-ийн функцийг нэмэхээр төлөвлөжээ. "Лэндмн ББСБ" ХК-ийн санхүүгийн үзүүлэлтийг харвал зээлийн орлогын хэмжээ нь III улиралд өмнөх улирлаас 19.4 хувиар өсөж, нийт нэг тэрбум 895.9 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Тус компани өнгөрсөн улиралд 763.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаара мэдээлсэн юм. Харин нийт активын хэмжээ нь өмнөх улирлаас 2.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнээс өмнө “Optimal Investment” компани онлайнаар зээлийн үйлчилгээ авах “Zeely” аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлсэн талаар мэдээлж байсан юм. НҮБ-ын Олон улсын худалдаа, хөгжлийн байгууллагын тооцоолсноор ирэх он гэхэд мобайл, онлайн төлбөр тооцооны үйлчилгээ уламжлалт буюу банкны зээлийн болон дебит картын хэрэглээг давах төлөвтэй байна.