“Энержи Ресурс” компани салбартаа анх удаа менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүллээ

“Mongolian Mining Corporation” буюу Энержи Ресурс компани Монголын уул уурхайн салбарт анх удаа Олон улсын стандартаар менежментийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлснийг батламжилсан гэрчилгээгээ өчигдөр гардан авлаа. Олон улсын ISO стандартуудыг цогцоор нь, харилцан уялдаатайгаар, системийн  хэмжээнд үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг Менежментийн нэгдсэн тогтолцоо гэж нэрлэдэг. Энержи Ресурс компани,

  • Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015
  • Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо OHSAS 18001:2007 гэсэн нийт гурван стандартаар цогц системийг нэвтрүүлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд ISO стандартын зөвлөх үйлчилгээг Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо үзүүлж, баталгаажуулалтын аудитыг Францын Афнор групп болон түүний Монгол дахь итгэмжлэгдсэн аудит Монсертф ХХК-ийн мэргэшсэн аудиторууд гүйцэтгэжээ.

Олон улсын ISO стандартууд ийнхүү системийн хэмжээнд бүрэн нэвтэрснээр Монголын тэргүүлэгч уул уурхайн компанийн хувьд байр сууриа улам бэхжүүлж, засаглал, менежментийн  хувьд олон улсад улам бүр үнэлэгдэн баталгаажих, цаашлаад салбарын бусад компаниуд үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлэх боломж өргөжин тэлэх гол ач холбогдолтой юм.