Инфляцийн түвшин VIII сард жилийн дүнгээр 6 хувиар өслөө

2018 оны VIII сард инфляц жилийн дүнгээр 6 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Инфляц өсөхөд түлшний үнэ хамгийн ихээр нөлөөлжээ. 

Тодруулбал, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь өссөн байна. Харин хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 5.6 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 8 хувь, өссөн нь гол нөлөөг үзүүлсэн гэж үсх мэдээлсэн байгаа. Инфляцыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ онд зуншлага тааруу байсан бүс нутагт ургацын гарц бага байсантай холбоотойгоор ургац хураалтын ажил бага зэрэг хоцорсон нь ерөнхий үнийн түвшинг дээш тогтоосон гэж ҮСХ мэдээлж байна. Харин VIII сараас үнийн түвшин эргээд эрчимтэй буурч эхэлсэн байна. Хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.8 хувиар буурахад төмс, хүнс ногооны дэд бүлгийн үнэ 80.2 хувиар, мах махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ 63 хувиар тус тус буурсан нь нөлөөлсөн байна.

 

Үндэсний статисткийн хорооны статистикч Ю.Батзориг

Инфляц 7-7.5 хувь орчимд тогтворжих төлөвтэй байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээлсэн. Харин Үндэсний статистикийн хорооноос “Сэрүүний улиралд орон сууц, шатахууны үнэд өөрчлөлт орох хандлагатай байдаг учраас инфляц оны эцэст 8 хувьд хүрч очно. Ялангуяа эмнэлгийн салбарын үнэ өвлийн улиралд өсөх хандлагатай байдаг” гэдгийг онцоллоо.

Харин төсвийн тэнцэл VIII сарын байдлаар 410 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. 2017 оны мөн үед төсөв 577 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан ч татварын орлого нэмэгдсэнээр төсвийн тэнцэлд ашигтайгаар нөлөөлжээ. Татварын орлогоос онцолбол нэмэгдсэн өртгийн албан татвар тайлант хугацаанд жилийн дүнгээр 35 хувь өссөн байна. Харин орлогын албан татвар 31 хувь, онцгой албан татвар 67 хувь өссөн нь төсвийн тэнцэл сайжрахад голчлон нөлөөлжээ. Засгийн газраас нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийг сайжруулснаар татварын хувь хэмжээ тогтмол өсөж байгаа. Мөн зарим барааны онцгой албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь татварын орлого өсөх шалтгаан болж байна.