Ажилгүй иргэдийн 57.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна

2018 оны эхний найман сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар буурч, 23.1 мянгад хүрсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 40 орчим хувь нь Улаанбаатар хотод байгаа бөгөөд мөн 57.5 хувийг 15-34 насны залуус эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Ажилгүйдлийн түвшин оны эхний хагаст 7.5 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.4 нэгж хувиар буурсан үзүүлэлт болжээ. 2016 онд 11.6 хувьд хүрч өсөөд байсан ажилгүйдлийн түвшин тогтвортой буурч байсан ч оны эхний улиралд эргээд өссөн байна. Харин II улиралд эргэж буурчээ. Харин ядуурлын түвшний суурь судалгааг Үндэсний статистикийн хороо хоёр жилдээ нэг удаа гаргадаг. 2016 оны байдлаар Монгол Улсын иргэдийн 29.6 хувь нь ядуу байна гэсэн үзүүлэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 907.5 мянган хүн ядуурлын шугамаас доогуур түвшинд амьдарч байна гэсэн үг аж. Энэ нь 2014 оноос хойш 274 мянган хүн нэмж ядуу ангилалд орсон гэсэн тоон үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо гаргасан байдаг. Ядуурал ийнхүү нэмэгдсэнийг Дэлхийн банк эдийн засгийн өсөлттэй холбож тайлбарласан байдаг.

 

2012 оноос 2014 оны хооронд эдийн засаг 20 хувиар өссөн бол 2015 оноос 2016 оны хооронд эдийн засгийн өсөлт 3.6 хувь болж буурчээ. Энэ үеэр ядуурлын шугамын дээр байсан өрхүүд ядуурлын шугамаас доош унасныг Дэлхийн банк онцолж байсан юм. 2018 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 6.3 хувиар өсөөд байна.

Түүхий эдийн үнийн таатай нөхцөл байдлаас үүдэн ойрын гурван жилдээ эдийн засаг 5-6 хувьд өснө гэж олон улсын судалгааны агентлагууд таамаглаж байгаа юм. Хэдий тийм боловч эдийн засагчдын зүгээс энэхүү өсөлт иргэдийн амьдралд бодит өсөлт болж байгаа эсэхийг анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.