Хятад, Монголын худалдааны эргэлтийг 10 тэрбум долларт хүргэнэ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И  энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. Энэ нь БНХАУ-ын Засгийн газрын шинэ  удирдлага  томилогдсоны дараа Засгийн газраа төлөөлөн хийж буй  Гадаад хэргийн сайдын анхны айлчлал болж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын эхний өдөр хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх  тухай  Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын гадаад харилцааны яам БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Талууд хоёр талын хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улстөрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, томоохон төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн бүс нутаг олон улсын харилцааны өөрсдийн сонирхсон асуудлаар үзэл бодлоо хуваалцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх онд БНХАУ-д айлчлах урилгыг дахин бататгалаа. Тогтвортой хөгжлийг баталгаажуулахын тулд хоёр талын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж ажиллахаар хэлэлцлээ. БНХАУ-аас оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийллээ” гэсэн юм.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Энэ удаагийн уулзалтаар  улс төрийн харилцан итгэлцэл, харилцан дэмжлэгээ улам нэмэгдүүлж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах талаар ярилцлаа. Мөн  Бүс ба зам хамтран байгуулахын дагуу хоёр талын хөгжилд шинэ хүч нэмэгдүүлнэ. 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ.

Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр чухал ахиц гарсан. Энэ онд багтаж албан ёсоор барилгын ажлыг эхлэхийн төлөө ажиллаж байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байна. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна” гэв.

Шинэ мэдээ