М-СИ-ЭС Групп ЖДБ эрхлэгчдийн 13 хувьтай хамтран ажиллаж 680 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

Манай улсад 2017 оны байдлаар 60,330 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамаарч байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болох, иргэдийн хөдөлмөрлөх сонирхол дээшилж ажилгүйдэл, ядуурал буурах, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх, өрсөлдөх чадвар бүхий ЖДҮ-үүд бойжих, эдийн засгийн өсөлт өрхөд орох зэрэг олон талын өндөр ач холбогдолтой юм. Тиймээс ч жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь аливаа улс орны эдийн засгийн нэн тэргүүний эрхэм зорилтод тооцогддог. Төр, засгийн зүгээс ЖДҮ хөгжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, санхүүжилтийн дэмжлэг болон татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа ч хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжуулан 2006-2015 онуудын хооронд 600 орчим тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтэнд зарцуулжээ.

Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг төрөөс ийнхүү дэмжихээс гадна хувийн хэвшлийн томоохон компаниуд бараа, ажил үйлчилгээ худалдан авах замаар урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнүүлэн дэмждэг жишиг бий. Тухайлбал, М-Си-Эс Групп аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж иржээ. Сүүлийн гурван жилд гэхэд 6,155 аж ахуйн нэгж, 1,730 хувь хүмүүстэй хамтран ажиллаж, тэдгээрээс нийтдээ 680 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан нь төрөөс 2006-2015 онуудад буюу 9 жилд ЖДҮ дэмжсэн санхүүжилтээс давж байна. Энэ нь тус Групп сүүлийн 3 жилд гэхэд улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй нийт жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн 13 хувьтай хамтран ажилласан үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр үндэсний нэг томоохон хувийн компани дотоодын аж ахуйн нэгжүүддээ 680 тэрбум төгрөгийн тендер хуваарилсныг харуулж байна. Ингэснээр тэдгээр аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэн, 50,000 орчим шууд бус ажлын байр бий болгожээ.

М-Си-Эс Групп нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд үндэсний томоохон компани болон өргөжихдөө үйл ажиллагааныхаа улс орон, хүмүүст өгөх өгөөжийг эн тэргүүнд тавьж, нийгмийн ач холбогдлыг ямагт харгалзан үзэж ирсний бодит жишээ нь дээрх худалдан авалтын үйл ажиллагаа юм. Мөн ажлын байр олноор бий болгох, эдийн засгийн хүндрэлтэй үеүдэд тэдгээрийг тогтвортой хадгалах, хуулиар хүлээсэн татвар шимтгэлээ үнэнч шударгаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах зэрэг үзүүлэлтүүдээр хувийн хэвшлээ олон жил манлайлж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж иржээ

Шинэ мэдээ