Капитрон банк хөрсний бохирдолтой тэмцэхээр нутгийн шийдэл сан ТББ-тай хамтран ажиллахаар боллоо

Капитрон банк хөрсний бохирдолттой тэмцэхээр Нутгийн шийдэл сан ТББ-тай хамтран ажиллахаар боллоо

Орон даяар өрнөж буй “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг талархан хүлээн авч буй иргэддээ байгаль дэлхийдээ ээлтэй зөв жорлон байгуулахад нь бодитой дэмжлэг үзүүлэх нэгэн үйлс эхэлж байна.

Нэг талаас дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт болон хүрээлэн буй амьдрах орчны доройтлын эсрэг тэмцэх нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Капитрон банк, нөгөө талаас “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж буй Нутгийн шийдэл сан ТББ дээрх чиглэлүүдээр нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийн төлөө урт хугацаанд түншлэн ажиллахаар тохиролцож, “Эко жорлонгийн зээл” Хувийн хэвшил-Төрийн бус байгууллагын түншлэлийн санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичигт Нутгийн шийдэл сангийн тэргүүн, “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэл, Капитрон банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа нар гарын үсэг зурж, Нутгийн шийдэл сангийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь, тус сангийн гүйцэтгэх захирал Б.Номинзул, Капитрон банкны Бизнес хариуцсан дэд захирал Б.Үүрцайхбаатар, Бизнес хөгжлийн хэлтсийн захирал М.Баттулга нар тус тус байлцав.

Энэхүү санамж бичигт дурдсанаар Капитрон банк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Эко жорлонгийн зээл” хэмээх шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, хэрэглэгчдэд эко жорлонгийн талаарх сургалт явуулах зардлыг санхүүжүүлэх, Нутгийн шийдэл сан тус бүтээгдэхүүнийг орон нутагт амжилт гаргахад нь болон үүнтэй холбоотой хүлээгдэж буй бусад санхүүжилтийн ажлыг дэмжин, хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Капитрон банкнаас эхний ээлжинд Өмнөговь аймгийн зарим сумдад байгальд ээлтэй, хүнд ээлтэй, эрүүл мэндийг дэмжсэн эко жорлонг бий болгоход 300 сая төгрөгийн эх үүсвэрийг гаргах ажээ. Нутгийн шийдэл сан нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт амжилттай зохион байгуулсан “Жорлонгоо өөрчилье” сургалтаа амьдрах орчныг хэрхэн сайжруулах агуулгаар баяжуулан иргэдэд хүргэх, Капитрон банкнаас олгож буй жорлонгийн зээлийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажлыг Өмнөговь аймгийн 9 сумын иргэдэд хүргэхээр болсон байна. Капитрон банкны “Эко жорлонгийн зээл” нь жорлон байгуулахад зориулсан анхны хөнгөлөлттэй зээл болж байгаагаараа Монголын санхүүгийн болон ариун цэвэр, эрүүл ахуйн салбар дахь нийгмийн хариуцлагын цоо шинэ жишгийг бий болгож байна.

Капитрон банк, Нутгийн шийдэл сан