“Оюу толгой”-н ТУЗ цахилгаан станцын судалгааны санхүүжилтийг батлах эсэхийг хэлэлцэнэ

"Оюу Толгой"-ийн эрчим хүчний урт хугацааны нийлүүлэлтийг баталгаажуулах шаардлагатай хугацаа давчуу болж байгаа талаар “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар “Rio Tinto”-ийг төлөөлөн томилогдсон Армандо Торез ажилтнуудадаа хандан илгээсэн захидалдаа дурджээ.

Тийм учраас өнөөдөр болох “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа цахилгаан станцын төслийн судалгааны санхүүжилтийг батлах эсэх талаар хэлэлцэнэ гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

Эргэн сануулахад, Засгийн газар болон “Оюу Толгой” ХХК-ийн хооронд 2014 онд байгуулсан "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах" гэрээг өнгөрсөн хоёрдугаар сард цуцалсан юм. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу “Оюу Толгой” дөрвөн жилийн дотор эрчим хүчний эх үүсвэрээ дотоодоос бүрэн хангах үүрэг хүлээсэн.

"Тавантолгой"-н цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хувилбарыг Монголын тал санал болгосон юм. Хэдий тийм боловч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатарын мэдээлснээр "Оюу Толгой төслийн талбайд цахилгаан станц барих хувилбарыг хөрөнгө оруулагч “Rio Tinto” санал болгож байгаа" юм байна.

Үүнээс гадна "Цахилгаан станц барих асуудлаар 2018 оны эцсээр эцсийн шийдвэрт хүрэх төлөвтэй байна"... "Мөн эрчим хүч экспортлох бизнест оролцохгүй, зөвхөн “Оюу Толгой"-ийн эрчим хүчний хэрэгцээг хангах боломжийг эрэлхийлж байна" гэж “Turquoise Hill Resources” компанийн Гүйцэтгэх захирал, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Жеффери Тайгесен 2017 оны санхүүгийн тайлантай холбоотой теле хурлынхаа үеэр мэдээлж байсан юм.

Шинэ мэдээ