Төрийн биш, хувийн хэвшлийн бий болгосон эдийн засгийн өсөлт л өгөөжтэй

​Дэлхийн банк 2013 онд гадаад орчин тогтворгүй, түүхий эдийн үнэ уналттай, хѳрѳнгѳ оруулалтын орох урсгал татарсан үед тѳсѳв, болон мѳнгѳний хэт тэлэх бодлого явуулах нь эдийн засгийг түр зуур ѳсгѳх ч, дунд хугацаандаа тѳлбѳрийн тэнцлийн эмзэг байдлыг даамжруулж эргээд чанга унах эрсдэлтэйг анхааруулсан. Ийм үед хамаг нѳѳцѳѳ шавхан хүчтэй тэлэх бус, харин эдийн засгаа тогтворжуулах бодлого явуулах нь зүйтэй гэж Монголд зѳвлѳж байв.

"Нар гийж буй үед дээврээ зас" буюу дараагийн хүндрэлийг даван туулах бэлтгэлээ одоо хий.

Гэхдээ тэр үед зѳвлѳгѳѳг аваагүй тул эдийн засаг маань тэнцвэрээ алдаж, хүчтэй унах замдаа орсон. 2013 онд Оюу толгойн ил уурхай үйл ажиллагаа эхэлсэн, Хѳгжлийн банкны бондуудын зарцуулалт (1 тэрбум ам.доллар буюу ДНБ-ийн 10 хувь орчим), ипотекийн зээл гэх мэт мѳнгѳний уламжлалт бус тэлэх бодлогын (ДНБ-ийн 20 хувь орчим) үр дүнд эдийн засаг 11.6 хувь ѳссѳн юм. Энэ нь тухайн үед дэлхийд эхний 10-т орох өндөр үзүүлэлт байсан ч цааш тогтвортой, удаан үргэлжлэх аргагүй байв.

Учир нь эдийн засгийг ингэж хүчтэй тэлэх бодлогын нѳлѳѳгѳѳр импорт ѳсөн, тѳлбѳрийн тэнцлийн урсгал дансны алдагдал $3.2 тэрбум буюу ДНБ-ийн 30 хувьд хүрсэн. Үүнийг санхүүжүүлэх гадаадын шууд хөрөнгө оруулалт байгаагүй тул тѳлбѳрийн тэнцлийн алдагдал үргэлжилж, тэр хэмжээгээр гадаад валютын нѳѳц буурч, тѳгрѳгийн ханш 2 дахин унах суурь нѳхцѳлийг бүрдүүлсэн байдаг.

Хэрэв түүхий эдийн үнэ эргээд сэргээгүй бол, Олон улсын валютын сангийн хѳтѳлбѳр байгаагүй бол банкны салбарын зээлийн багцын 30% орчмыг бүрдүүлдэг валютын зээлүүд хэр их чанаргүйдэх, санхүүгийн тогтвортой байдалд ямар эрсдэл учрах,  Евро бондын 580 сая, Чингис бондын 500 сая, Хятадын ардын банкны своп 15 тэрбум юанийн эргэн төлөлтийг хэрхэх байсныг хэлэхэд хэцүү. Санхүүгийн хямрал, дефолтын хямрал тийм ч хол байгаагүй.

Тэгвэл ѳнѳѳдѳр эдийн засаг 6.1% ѳсѳлттэй үед олон улсын байгууллагууд Монгол улсад юу гэж анхааруулж байгаа вэ?

"Нар гийж буй үед дээврээ зас" буюу дараагийн хүндрэлийг даван туулах бэлтгэлээ одоо хий гэж буй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тѳсвѳѳ сахилга баттай байлга, татварын шинэчлэлээ хий, валютын нѳѳцѳѳ бүрдүүл, инфляциа тогтвортой байлга, санхүүгийн системийн дархлаагаа сайжруул, институцийн тогтолцоогоо сайжруул, эдийн засгаа төрөлжүүлэх бүтцийн шинэчлэлүүдээ хийнэ гэсэн үг юм.

ОЙРЫН ХОЁР ЖИЛД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ СҮҮЛИЙН 10 ЖИЛД БАЙГААГҮЙ САЙН БАЙНА

Хэрэв худалдааны дайн гэх мэт олон улсын худалдаа, дэлхийн эдийн засгийг доргиох томоохон эрсдэл үүсэхгүй бол ойрын хоёр жилд дэлхийн эдийн засгийн төлөв сүүлийн 10 жилд байгаагүй сайн байхаар байна.

Татварын зөөлөн бодлогын үр дүнд АНУ-ын эдийн засаг 2020 он хүртэл идэвхжиж, Европ, Японд ч ѳсѳлт муугүй байхаар байгаа. Дээр нь Хятадын эдийн засаг огцом уначих вий гэсэн болгоомжлол буурсан. Дагаад түүхий эдийн үнэ ч боломжийн түвшинд хадгалагдах тѳсѳѳлѳлтэй. Энэ нь манай экспортын орлого, хөрөнгө оруулалтын дотогшлох урсгалд мэдээж таатай нөлөөтэй байх болно. Харин 2020 оноос дараагийн гадаад өр төлбөрүүд 

  • Хятадын Ардын банкны своп 2020 он,
  • Мазаалай бонд 2021 он,
  • Чингис бонд 2022 он,
  • Гэрэгэ бонд 2023 он,
  • Хуралдай бонд 2024 онд тус тус төлнө.

Тэр үед эдийн засгийн сууриа бататган, дампуурах эрсдэлээс зайлсхийхийн тулд бодлого боловсруулагчид, бизнесийн байгууллагууд, иргэд олон нийт ч одооноос бэлдэх шаардлагатай. Үүний тулд дараах 3 зүйл маш чухал юм:

Төр амьдралын түвшнийг сайжруулахыг зорин нэг хэсэг хавтгай халамж тарааж алдаж, дараа нь эдийн засгийн зүтгүүр болох гээд өр зээл тавин, хямд зээл тараан, нөөцөө шавхснаар, маш эрсдэлтэй байдалд ч хүргэсэн.

1. Валютын сангийн хѳтѳлбѳрѳѳ дуустал нь хэрэгжүүлж, төсөв мөнгөний бодлого болон санхүүгийн системийн дархлаагаа сайжруулах. Хөтөлбөрийн нөлөө төсөв болон төлбөрийн тэнцэл, валютын нөөц, зээлжих зэрэглэл гээд олон сувгаар эдийн засагт итгэх итгэлд эерэг нөлөө үзүүлж буй.

2. Оюу толгойн далд уурхай бүтээн байгуулалтад ямар нэг саад учруулалгүй үргэлжлүүлж, хуваарийн дагуу (2021-22 он хавьцаа) үйлдвэрлэлийг эхлүүлэх. Далд уурхайн хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэл дээр ч, дотоодын нийт бүтээгдэхүүн дээр ч жинтэй хувь нэмэр оруулж буй. 

3. Төр эдийн засагт хэт оролцох бус, харин эдийн засгийн сууриа сайжруулж, "цаг сайн үед дээврээ засах" ажилдаа төвлөрөх.

Эдгээрийг амжилттай хийхийн тулд иргэд зѳв ойлголттой, бодлого шийдвэр гаргагч нараас зөв зүйл шаарддаг байх нь чухал. Үүнд медиа болон мэргэжилтнүүдийн дуу хоолой маш чухал юм. Үгүй бол буруу ойлголт дээр дѳрѳѳлсѳн популизм даамжирч, аль нэгийг нь зогсоох эрсдэлтэй. Улмаар улс орноороо хүнд байдалд орох бодит эрсдэл бий.  

Урьд нь төр амьдралын түвшнийг сайжруулахыг зорин нэг хэсэг хавтгай халамж тарааж алдаж байсан. Дараа нь эдийн засгийн өсгөгч зүтгүүр болохыг зорин өр зээл тавин олон төрлийн төсөл хөтөлбөрүүдээр хямд зээл тараан, эдийн засгийн нөөцөө шавхснаар, маш эрсдэлтэй байдалд ч хүргэж байсан. Эдгээр нь үнэ өсгөж, өр нэмэгдүүлж, ханш унагаасан ч амьжиргааг дээшлүүлж, эдийн засгийг тогтвортой болгосонгүй.

Цаашид эдгээр алдааг давталгүй, тѳр эдийн засгаа тогтвортой байлгахад гол анхаарлаа тѳвлѳрүүлбэл, ДНБ-ийн 80%-ийг бүтээж буй хувийн хэвшил ѳѳрѳѳ хѳрѳнгѳ оруулалтаа хийгээд, ажлын байр нэмэгдүүлээд, ѳсѳлтийг бий болгоод, цалин орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Хувийн секторын бий болгосон өсөлт илүү хүртээмжтэй, илүү тогтвортой, илүү үр ашигтай байх болно.

Шинэ мэдээ