Чөлөөт худалдааны хэлэлцээрийн чиглэлээр сургалт явагдлаа

Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яамтай хамтран чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлэх сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 15-30-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулав. Сургалтад Гадаад харилцааны яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагын 30 албан хаагч хамрагдав.

Сургалт чөлөөт худалдааны хэлэлцээр дэх үйлчилгээний салбарын асуудал, худалдааны хамгаалалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалт, гарал үүслийн журам, худалдааг хөнгөвчлөх, БНХАУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлага зэрэг өргөн хүрээг хамрав. Сургалтын хүрээнд Шанхай, Наньжин хотод зочилж, Наньжин хотын Гаалийн газрын үйл ажиллагаатай танилцав.