Бизнес эрхлэгчид бол ашгийн хойноос хөөцөлдөгсөд биш, баялаг бүтээгчид

Монголын бизнесийн зөвлөл энэ онд арван жилийн ойгоо тэмдэглэж байна. Улс төрөөс хараат бус, гишүүнчлэлд суурилсан энэ зөвлөл шударга, тогтвортой бизнесийн орчин бүрдүүлэх зорилготой ажилладаг.

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 250 ААН гишүүнээр элсээд байна. Гадаадын хөрөнгө оруулалттай, хамгийн олон компанийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага болоод байна.

Иргэдийн сэтгэлгээ зохион байгуулалтад ороогүй, логикт суурилаагүй, өнгөц дүгнэлт хийдэг, шүүн тунгаах чадавх сул. 

Монголын бизнесийн зөвлөл сар бүр гишүүдээ оролцуулсан уулзалт зохион байгуулдаг. Өчигдөр Шангри Ла зочид буудалд болсон уулзалтын үеэр МБЗ-ийн Ажлын албаны гишүүн Д.Жаргалсайхан “Бизнест ээлтэй орчин бүрдүүлэхэд бизнесийнхэн бэлэн үү?” гэсэн сэдвээр илтгэл тавьсан нь олон сонирхолтой баримт агуулсан байв. Иймд түүний илтгэлийг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Даваа, мягмар гарагт “Эдийн засгийн форум 2018” боллоо. Өнгөрсөн онд өнжсөн тул энэ жил форумд оролцогчид олон байх болов уу гэтэл тэгсэнгүй. Бизнес эрхлэгчдийн  ирц, идэвх тийм ч сайн байсангүй. Гэхдээ энэ удаагийн форумд хувийн хэвшлийг төлөөлөн оролцсон бизнесменүүд эрх баригчдад үгээ дайж амжсан юм.

“Ард” санхүүгийн нэгдлийн дарга Ч.Ганхуяг “ТҮЦ ажиллуулахаар мэргэжлийн хяналт, уурхай ажиллуулахаар төр нь хяналт шалгалт явуулан, шахдаг. Бизнес эрхлэгчид олны өмнө гарахаас айдаг болсон. Учир нь муусайн баячуул гэж зүхдэг” гэсэн юм. “South gobi sands” компанийн захирал Ч.Мөнхбат “Хувийн хэвшлийнхэн дийлэнх татварын орлогыг бүрдүүлдэг байтал ихээхэн дарамтад ажилладаг талаар дуугарах хэрэгтэй” гэсэн юм. 

Эндээс манай улсад бизнест ээлтэй орчин хараахан бүрдээгүй байгааг ойлгож болно.   Тэгвэл хэрхэн энэ орчныг бүрдүүлэх, хэн манлайлах талаар Д.Жаргалсайхан захирал илтгэлдээ танилцуулав.     

МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ САНААНД НӨЛӨӨЛӨХ ИХ АМАРХАН

-Улс төрчид олон нийтийн гомдол, саналыг ихээхэн анхаардаг. Иймд популист шинж чанартай болж, улс төрийн намуудын хооронд үзэл баримтлалын ялгаа улам багассаар байна. Ард түмэн ямар байна, тийм л Засгийн газартай болно гэж Францын философич Жозеф де Местр хэлсэн байдаг.

Уг нь улс төрчид мөрийн хөтөлбөр, алсын хараа, зарчмаа гол чиг шугамаа болгох ёстой. Монголчуудын сэтгэл санаанд нөлөөлөх их амархан. Учир нь иргэдийн сэтгэлгээ зохион байгуулалтад ороогүй, логикт суурилаагүй, өнгөц дүгнэлт хийдэг, шүүн тунгаах чадавх сул. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа телевизүүд олон нийтийн санаа бодолд хүчтэй нөлөө үзүүлдэг.     

Мөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үзэл, үнэт зүйл бидэнд үгүй. Олон нийтийг жирийн иргэд болон капиталистууд гэж 2 хувааж болно.

Тэгвэл ямар үнэт зүйлсийг хэвшүүлэх шаардлагатай вэ? 

Хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлнэ гэж бид Үндсэн хуульдаа заасан. Тэгвэл ямар нийгмийг хүмүүнлэг гэх вэ? Хүмүүнлэг болон ардчилсан нийгэм ямар уялдаа холбоотой вэ?

Харамсалтай нь эдгээрийн тодорхойлолт Үндсэн хууль болон бусад баримт бичигт байхгүй. Үүнийг өөр өөрөөр тайлбарласаар байна.

Эдийн засгийн эрх чөлөөний индексээр манай улс 55 оноо авсан. Бизнесийг иргэд ашиг олох гэж буруу ойлгоод байна.

Ер нь бидний амьдралд Засгийн газар ямар үүрэгтэй талаарх иргэдийн ойлголт мөн ихээхэн ялгаатай. Миний удирддаг “Тус солюшн” судалгаа хийхэд Үндсэн хуульд иргэдийн үүргийг 16, 17 дугаар зүйлд тусгажээ. Харин улс төрийн намуудын чиг үүргийг заагаагүй. Улсын их хурлын үүргийг мөн зааж өгөөгүй. Салбар хуулиудад Засгийн газар, шүүх, Улсын их хурлын чиг үүргийг Үндсэн хуулиас өөрөөр заасан байна. Үндсэн хуулийн 19 дүгээр заалттай зөрчилдөж байна. Үүнээс үүдэн системийн гажуудал үүссэн. 

Бизнесийн орчин руугаа эргээд оръё. Уул уурхай, банк санхүүгийн байгууллагуудын талаар иргэд ихээхэн сөрөг хандлагатай байна. Тэд бизнес эрхлэгчдийг ашгийн хойноос хөөцөлдөгчид гэж боддог. Иймд бизнес эрхлэгчид баялаг бүтээгчид юм гэсэн шинэ тодорхойлолт бий болгох, иргэдийг соён гэгээрүүлэх шаардлагатай. 

Энэ ажлыг хэн удирдан чиглүүлэх вэ? Засгийн газар уу, намууд уу, иргэний нийгэм үү, их дээд сургуулиуд уу, бизнесийнхэн үү? Миний бодлоор бүгд хамтран ажиллах  ёстой. 

Шинэ мэдээ