2019 ОНЫ ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ ДНБ-ИЙ 6.1 ХУВЬТАЙ ТЭНЦЭХЭЭР БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг баталлаа. 2019 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8.8 их наяд төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг найман хувьд хүргэхээр баталсан байна.

Харин төсвийн зарлага 10.9 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг байхаар баталжээ. Энэ нь 2018 батлагдсан төсөвтэй харьцуулахад алдагдлыг 300 тэрбум төгрөгөөр багасгасан үзүүлэлт болж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна гэж заасан боловч хуульд нэмэлт өөрчлөлт орсоор өнөөгийн алдагдлын түвшин дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьд хүрээд байна. Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг үнэлэх ажлын хэсэг төсвийн зөвлөл байгуулах болон бүтцийн өөрчлөлтийн бодлого удаашралтай байна гэж дүгнэж байгаа юм.