Ипотекийн зээлдэгчийн тоо 2.3 хувиар өсчээ

Ипотекийн зээлдэгчийн тоо 2.3 хувиар өсчээ

Монгол банкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн байдлын талаар өнөөдөр /2018.05.23/  мэдээлэл өглөө.  2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт ипотекийн зээл 50,4 тэрбум төгрөг байна. 2017 оны есдүгээр сараас хойш сард дунджаар гарч байгаа ипотекийн зээл 53 тэрбум төгрөг байгаа бөгөөд орон нутагт ипотекийн зээл Дархан-Уул, Орхон аймгуудад өндөр гарч байна.

Улаанбаатар хотод шинээр олгогдож байгаа ипотекийн зээлээр Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд байр түлхүү зарагдаж байгаа юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээрт сард Улаанбаатар хотод 44,1 тэрбум төгрөгийн зээл гарахад 30,5 тэрбум төгрөг нь Баянзүрх, Хан-Уул дүүрэгт байршилтай орон сууцууд худалдаж авахад зарцуулагдсан байна. Улаанбаатар хотод ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сард эргэн төлөлт 22,8 хувьтай байна.

Ипотекийн зээлдэгчдийн тоо 93,999 хүрчээ. Өмнөх сартай харьцуулбал ипотекийн зээлдэгчийн тоо 2,3 хувиар өссөн. Тухайн сар буюу дөрөвдүгээр сарын хувьд 680 зээлдэгч ипотекийн зээл авсан. Үүнээс 268 зээлдэгч хөнгөлөлттэй найман хувийн зээл авсан, үлдсэн 412 зээлдэгч нь банкны эх үүсвэрээс олгосон зээл авсан байна. Ипотекийн зээл авч байгаа хүмүүсийг насны бүтцээр нь авч үзвэл 80 хувь нь 18-35 насны залуучууд байна. Орлогын бүтцээр нь авч үзвэл хоёр сая хүртэлх орлоготой өрхүүд нийт зээлдэгчдийн 64,4 хувь байна. Нийт зээл авч байгаа иргэдийн 85 хувь нь 60 хүртэлх м2-тай орон сууц байна. Орон сууцны үнийн индекс өсөлттэй, хуучин орон сууцны үнэ өссөн байна гэдгийг албаны хүн онцлоо.

Шинэ мэдээ