"1072 хувьцааны мэдээллийн төв" нээлтээ хийлээ

Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Таван толгой” компанийн “Б” байранд өнөөдөр “1072 хувьцааны мэдээллийн төв”-ийн нээлт боллоо.

Иргэд энэхүү төвөөс1072 хувьцааг хэрхэн арилжих, ямар үнэтэй байх, өвлүүлж болох эсэх, танд хэдэн ширхэг хувьцаа байгаа, брокерь диллерийн компаниудын тухай зэрэг бүх мэдээллийг авах боломжтой юм. Мөн иргэдэд 1800-1072 дугаарын утас нээсэн бөгөөд хувьцааны талаар бүх төрлийн мэдээллийг өгөх аж.



Мэдээллийн төвийн нээлтийн үеэр “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Манай компани 2018 онд 1.2 их наяд төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байсан. Он гарсаар 20.9 сая тонн нүүрс олборлож, 5.1 сая тооныг борлуулж, 710 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ үзүүлэлт цааш тогтмол үргэлжилбэл бид 2018 оны төгсгөлд 1.5 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой юм. Ингэснээр бид энэ онд 700 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах магадлалтай. Компанийн зүгээс энэ оны есдүгээр сард Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, 2019 оноос ногдол ашиг тарааж эхлэхээр төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт бид “Чалко” компанид Зүүн Цанхийн уурхайн нэг тонн нүүрсээ 60 ам.доллараар борлуулахаар тохирсон бол өнөөдөр тус компаниас 60.5 ам.доллар болгосон байна. Нөгөөтэйгүүр, Барууны Цанхийн уурхайгаас нүүрс борлуулах нээлттэй тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд 69- 69.2 ам.доллараар худалдан авах санал ирүүлсэн. Эдгээр ажлыг амжилттай хэрэгжүүлж чадвал иргэдийн гарт очих ногдол ашиг улам бүр өсөх болно” гэлээ.



Мөн мэдээллийн төвийн нээлтэд иргэдийг төлөөлөн оролцсон Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Л.Сүхбаатар, “Улс төрийн намууд 1072 хувьцааг амилуулах ажлыг зөвхөн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаад өнгөрдөг байлаа. Харин одооноос 1072 хувьцааг амилуулах асуудал бодит ажил хэрэг болж байгаад туйлын баяртай байна. Миний хувьд 1072 хувьцаагаа хэрхэн ашиглах талаар мэдлэг, мэдээлэлгүй байсан. Өнөөдөр иргэдэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, зөвлөгөө өгөх төв нээгдэж байгаад талархаж байна” гэлээ.

Тус компанийн нийт хувьцааны 14.5 хувийг 2.5 иргэн эзэмшдэг байна. Өнгөрсөн хугацаанд ахмадуудад тэтгэмж, оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр олгосон, иргэдээс 300 мянган төгрөгөөр худалдаж авсан зэрэг 1072 хувьцааг хэд хэдэн удаа хөдөлгөөн оруулсан байна. Тиймээс иргэдийн гарт хэдэн хувьцаа байгаа талаар дэлгэрэнгүй судалгааг энэ оны есдүгээр сар гэхэд бүрэн гаргахаар төлөвлөжээ.

“Эрдэнэс-Таван толгой” компанийн зүгээс нүүрс тээврийн жолооч нарын ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс Цагаан хадны боомтод 1000 авомашины зогсоол байгуулах болон Таван толгойн уурхайгаас 16 километрийн зайд байгуулах нүүрс тээврийн компаниудад зориулсан Амралт, мэдээлэл, үйлчилгээний төвийн дэд бүтцийг байгуулахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээрийн хүрээнд Гашуун сухайт боомтоор өдөрт нүүрс тээвэрлэсэн 400 автомашин нэвтэрдэг байсныг 950-1170 болгон нэмэгдүүлсэн байна. Ингэснээр 2019 онд 14.5.15 сая тонн нүүрс экспортод гарах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм.

Шинэ мэдээ