Эдийн засгийн чуулган: У.Хүрэлсүхийн нээлтийн яриа

 

 
 
 
 
 
 
Форумаар олон жил хүлээлт үүсгэсэн мега төслүүдийг хөдөлгөх, 1072 ширхэг хувьцааг амилуулах, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах, бизнесийн орчныг хүнд суртал, зохисгүй  дарамтаас чөлөөлөх, зарим хуулийг эргэн харах, татварын орчин, хөрөнгө оруулалтын бодлого зэрэг 12 сэдвийг хөндөх бөгөөд анх удаа 21 аймгийн Засаг дарга нар оролцож хувийн хэвшлийнхэнтэй санал солилцож байна.  
Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлэхдээ, "Өнөөдөр түүхийн маш хариуцлагатай, эгзэгтэй цаг үед Монголын эдийн засгийн чуулга уулзалт болж байна. Зүйрлэж хэлбэл Монгол Улс зудын дараа дөнгөж сэргэж эхэлж байгаа малчин айл шиг л байна. Бид өмнөх алдаа оноогоо дэнслээд зогсохгүй цаашид бодлогоо хэрхэн зөв зүйтэй, тогтвортой авч явах вэ гэдэг асуудал дээр нэгдэж ярилцан дотоод ойлголцлоо бэхжүүлэх нь маш чухал ач холбогдолтой юм. Бид олон жил улс төржиж, талцаж хуваагдаж, бодлогын тогтворгүй байдалтай явсаар өдийг хүргэлээ. Төр засаг хувийн хэвшил, тэр нам энэ нам гэж хуваагдсаар дотоод хүч тамираа өөр хоорондын тэмцэл тулаанд барж ирсэн нь нууц биш. Энэ нь биднийг гадаад ертөнцөд ч ойлгомжгүй харагдуулдаг. Одоо үүнд цэг тавих цаг болсон. Бид дотооддоо бодлогын эрчим хүчээ нэгтгэх цаг нь болсноор барахгүй бүр оройтчихоод байна. Тиймээс ч энэ удаагийн Монголын эдийн засгийн чуулганыг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ гэсэн уриан дор зохион байгуулж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшлийнхэн бий болгож байна. Үндсэндээ улсыг нуруун дээрээ үүрч яваа энэ цагийн баатрууд өнөөдөр энэ танхимд сууж байна.  2017 оны байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 5,3 хувьд хүрч, гадаад валютын нөөц 3 тэрбум ам. доллар болоод байна. Мөн манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш нийт 2,8 их наяд төгрөгийн өрийг дарж барагдуулав. Энэ бол нийт бизнес эрхлэгч та бүхэн, Засгийн Газрын хамтын үйл ажиллагааны эхний үр дүн юм" гэлээ.
 
Найм дахь удаагийн чуулганы гол онцлог нь тоон технологийг ашиглаж, анх удаа цахим аппликейшнээр бүртгэл хийж олон нийт оролцох боломжийг бүрдүүлжээ. Хувийн хэвшлийнхний оролцоог хангаж, төрийн түшээд хамтран ажиллах боломжоо эрэлхийлэх, аливаа асуудалд саналаа нэгтгэдэг давосын чуулган шиг далайцтай форум болох болов уу гэсэн хүлээлт байгааг төлөөлөгчид онцолж байна. 
 
Эх сурвалж:Montsame.mn

Шинэ мэдээ