ОУВС-гийн ажлын хэсэг дөрөв дэх шатны үнэлгээг хийжээ

Зураг

Улаанбаатар/МОНЦАМЭ/. ОУВС Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх үнэлгээг хийж, ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн байна.

Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийх юм. Дөрөв дэх шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын 2-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар гаргажээ.  Ажлын хэсгийн үнэлгээний урьдчилсан дүгнэлтэд үндэслэн тайлан боловсруулж, ОУВС- гийн удирдлагаар батлуулсны дараа Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах юм байна.

Дөрөв дэх үнэлгээнд,  "Экспортын түүхий эдийн эрэлт их байгаагаас Монголын эдийн засгийн сэргэлт үргэлжилсээр байна. Төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зэрэг макро-эдийн засгийн гол зорилтууд биелжээ.  Хэдийгээр ийм дэвшил гарсан ч экспортын түүхий эдийн эрэлт буурах, бүтцийн шинэчлэлийн удаашрал, дотоодын зарлага нэмэгдэх дарамт, хөрөнгө оруулалтын орчин дахь сөрөг өөрчлөлтүүд зэрэг эрсдэл хөтөлбөрийн хүрээнд байсаар байна. Хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлэхийн тулд банкны системийг бэхжүүлэх, төсвийн хянамгай бодлого баримтлах, инфляцид сонор сэрэмжтэй байх, эрсдлээс хамгаалах гадаад валютын албан нөөцөө бүрдүүлэх, төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зэргийг анхаарлын төвдөө байлгасаар байх шаардлагатай" гэжээ.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 314.5054 сая Зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын  зээл олгохоор анх тохирсон.

Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж Жэп Готтлийб хэлэхдээ, “Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын макро-эдийн засгийн гүйцэтгэл эерэг гарч бүх зорилтот тоон үзүүлэлтүүд биелсэн. Төсвийн үр дүн 2018 оны эхний улиралд төсөөлж байснаас илүү сайжирч, орлого 21 хувиар өссөн. Дээрх хугацаанд гадаад валютын цэвэр албан нөөц 200 сая ам.доллараар нэмэгджээ. Санхүүгийн салбарын хувьд эрх баригчид саяхан хийж дууссан Активын чанарын үнэлгээний дагуу өрнөж буй арга хэмжээний нэг хэсэг болох банкны системийг бэхжүүлэх ажлуудаа үргэлжлүүлж байна. Өөрийн хөрөнгийн шаардлагаа хангаагүй банкуудад энэ оны 12-р сарын эцэс хүртэл үүнийг хангах хугацаа байна. Зохистой нөхцөл бүрдсэн үед банкуудыг тогтворжуулахад төсвийн сангуудыг ашиглаж болох талаарх хууль удахгүй батлагдана гэсэн хүлээлттэй байна. Эрх баригчид чанаргүй зээлийн асуудлыг илүү хурдан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийг хийж, банкуудын балансыг сайжруулахаар  ажиллаж байна.  Түүнчлэн эрх баригчид инфляцид сэрэмжтэй байж, төлбөрийн тэнцлийг цаашид улам бэхжүүлэх мөнгөний бодлогын байр сууриа хадгалах үүрэг хүлээсэн. Эдийн засгийг гадаад цочролоос хамгаалахад тус нэмэр болох нөөцийн бүрдүүлэлтэд гарч байгаа ахиц дэвшлийг үргэлжлүүлэх нь туйлын чухал юм. Макро эдийн засгийн эрүүл бодлогыг банкны системийн бүтцийн шинэчлэлтэй хослуулах нь хүүгийн хувийг аажмаар буулгахад нэмэр болно. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн дөрөв дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай  тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгаажих учиртай" гэлээ.
 
Эх сурвалж:Montsame.mn

Шинэ мэдээ