ОУВС "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн дөрөв дэх шатны үзлэгээ хийнэ

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж  байна. Ажлын хэсэг энэ сарын 2-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, Монголбанкны албаны хүмүүстэй уулзалт хийх юм. ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Хамгийн сүүлд гурав дахь шатны үнэлгээний дараа тус сангийн зүгээс манай улсад хэрэгжиж буй  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байна хэмээн дүгнэж,  30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталсан. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн  гурав дахь шатны үнэлгээгээр Монголын эдийн засаг төсөөлж  байснаас илүү эрчимтэй сэргэж, өндөр өсөлтийг үзүүллээ хэмээн дүгнэсэн.  Тодруулбал Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авснаас эерэг үр дүн гарлаа. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас Засгийн газар цаашид урт хугацааны тогтвортой бодлогодоо анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл  төсвийн зарлагын өсөлтөд хязгаарлалтаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Төсвийн зарлагын санхүүжилт илүү үр ашигтай байх нь чухал. Түүнчлэн  банкны олгож буй зээл нь уул уурхайн бус салбаруудыг дэмжих замаар  ЖДҮ, хөдөө аж ахуйн чиглэлд олгох нь чухал гэсэн зөвлөмжийг гаргасан. 

Монгол Улсын хувьд малын эрүүл мэндийг сайжруулах, Гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах, бизнесийн орчныг сайжруулахад анхаарах ёстой. Ялангуяа мах, сүүний чиглэлийн бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарахыг ОУВС зөвлөж тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа юм.