Хөх хотын худалдааг дэмжих нийгэмлэгтэй бүх талаар хамтран ажиллах боломжтой боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод албан ёсны айлчал хийлээ. Айлчлалын хүрээнд Улаанбаатар хотын Худалдааны танхим, ӨМӨЗО-ны бизнесийн төлөөлөл хамтран "Улаанбаатар, Хөх хотын бизнес уулзалт"-ыг зохион байгууллаа.

Бизнес уулзалтанд Хөх хот болон Монгол улсын худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын төлөөлөл оролцож хамтран ажиллах мөн харилцан туршлага солилцож, ямар салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа. Айлчлалын багт багтсан Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүн аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчидтэй уулзан, хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Хөх хотын Ардын Засгийн газрын том төсөл хариуцсан албаны дарга Жан Гуопэн

“Та бүхэн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Бид олон салбарт хамтран ажилласаар ирсэн, цаашдаа ч харилцаагаа өргөтгөн, харилцан ашигтай, үр өгөөжтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хөх хотын худалдааг дэмжих нийгэмлэгтэй Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн нь хамтын ажиллагааг улам тэлэх боломж гэж би харж байна. Хоёр хотын бизнес эрхлэгчдий хамтын ажиллагаа улам өргөжин, үр өгөөжтэй байх болтугай” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд

“Манай хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоогоод 27 жил өнгөрч, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг жилээс жилд өргөжин тэлж байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. Иргэд, аж ахуй нэгж, улс хоорондын харилцааг улам өргөжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн ойлголцол, түншлэлнэн чухал юм.

Хөх хот , Улаанбаатар хот хамтын ажиллагааны хөгжлийн шинэ салбаруудаа энэ удаагийн айлчлалаар харилцан баталгаажуулсан. Хот тохижилт, аялал жуулчлал,хөдөө аж ахуйн салбартхоёр хот хамтран ажиллана. Энэ салбаруудын хөгжлийн хамтын ажиллагаа ч бизнесийнхэн та бүхний ажил хэрэгтээ шууд уялдаа холбоотой юм.Мөн Улаанбаатар худалдааны танхимын гишүүн байгууллагууд чта бүхэндээ бизнесийн шинэ санал, шинэ төсөл танилцуулахаар ирсэнийг дуулгахад таатай байна.Ах дүү хотуудын хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт өргөжин тэлж, өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

ӨМӨЗО-ны Хөх хотын "Монгол хот" төслийн удирдагч Е.Цэцэгбаатар

“Улаанбаатар хотын худалдааны танхим болон түүний гишүүн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Хоёр орны худалдааны танхимын гишүүн байгууллагын бизнесийн төлөөлөл уулзаж, хийж буй ажлаа танилцуулан хамтран ажиллаж байгаад талархаж байна. “Монгол хот” төсөл маань БНХАУ-ын хэд хэдэн хотод салбартай бөгөөд язгуур нэгтэй Халимаг, Тува, Буриад, Монгол зон олны хийж бүтээсэн зүйлийг худалдах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Бидний хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүн, UFC группын Ерөнхийлөгч О.Амартүвшин

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод албан ёсны айлчалд Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүн аж ахуйн нэгж оролцож буйд талархалтай байна. Хөх хотын Худалдааг дэмжих нийгэмлэгтэй хамтран ажиллаж, олон төслийг хэрэгжүүлэх боломж олгож буй Улаанбаатар хотын Худалдааны танхимын хамт олонд талархал илэрхийлье. Айлчлалын хүрээнд хөдөө аж ахуйн чиглэлийн фермийн үйл ажиллагаатай танилцаж, малын үүлдэр угсааг хэрхэн сайжруулах, мах сүүний гарцыг нэмэгдүүлэхээр яаж ажиллаж байгааг үзсэн. Шинэ ажлын эхлэл, сэдэл санаа өгсөн үр өгөөжтэй айлчлал боллоо” гэв.

“Монгол наадам цогцолбор”ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл

“Хөх хотын Худалдааг дэмжих нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан бизнес уулзалт амжилттай боллоо. Хүй долоон худагт байрлах Монгол наадам цогцолбороо бид танилцууллаа. Цогцолборт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах бололцоотой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай, наадамчдыг амарч зугаалахад зориулж спорт, соёлын төвийг байгуулах төлөвлөгөөтэй. Зөвхөн зун цагт бус жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах, цаашдаа бүтээн байгуулагч болох, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж ажилладаг бидний хувьд Хөх хотын бизнес эрхлэгчдэд танилцуулж, бас тэднээс туршлага судлах сайхан боломж олгосон айлчлал байлаа”гэв.

“Монос” группын Экспорт хариуцсан захирал Н.Гансүх

“Улаанбаатар хотын худалдааны танхим Хөх хотын худалдааг дэмжих нийгэмлэгтэй хамтран ажиллаж, бизнесийн түнштэй болох гүүр болж байгаад баяртай байна. Манай компани айлчлалын хүрээнд гурван байгууллагатай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. ӨМӨЗО-ны “Монгол хот”, “Easy World” компани болон аялал жуулчлалын салбарт “Содон” компанитай хамтран ажиллахаар боллоо. Байгалийн органик бараа бүтээгдэхүүнийг илүүд үздэг ӨМӨЗО-ны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн “Монос” группын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол их, том зах зээл байгаад бид бүхэн баяртай байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод албан ёсны айлчал хүнс хөдөө аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, худалдаа үйлчилгаа, аялал жуулчлал гээд олон салбарт хамтран ажиллах боломжтой, үр өгөөжөө өгсөн ажил болсонд олон бизнес эрхлэгчид талархал илэрхийлж байв.

Шинэ мэдээ