"М-Си-Эс" группээс "Топ 100"-д хамгийн олон компани багтжээ

2017 онд ТОП100-д шалгарсан компаниуд нийтдээ 3,2 их наяд төгрөгийн татвар, шимтгэл төсөвт төвлөрүүлсэн нь ойрын хэдэн жилд гараагүй амжилт юм. Үүнээс Эрдэнэт үйлдвэр ХХК 577 тэрбум, Оюу Толгой ХХК 439 тэрбум, М-Си-Эс Групп 275,6 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төлсөн дүнгээр тэргүүллээ хадгалж чаджээ. Ийнхүү нийт татварын орлогод эзэлж байгаа ТОП компаниудын хувийн жин 2015 онд 48,1 хувь байсан бол 2017 онд 50,5 хувь болж өсчээ.

17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ТОП100 нэр хүндтэй шалгаруулалтад  сүүлийн гурван жилд тогтвортой эрэмбэлэгдэж буй 65 аж ахуйн нэгж байдгийг тогтоосон байна. Тэдгээрийн нэг болох үндэсний бүтээн байгуулагч М-Си-Эс Групп, компаниуд гэхэд сүүлийн 13 жилд ТОП100-д тогтвортой амжилт гаргаж, хувийн хэвшлээ байнга тэргүүлэн 56 удаа шилдгээр шалгарчээ. Энэ удаад тус Группийн М-Си-Эс Холдинг, Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Проперти, Юнивишн, Шангри-Ла Улаанбаатар Хотел, Тотал Дистрибюшн зэрэг 12 компаниуд шилдэгт багтсан юм. М-Си-Эс Групп нь улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагчдыг ийнхүү манлайлахын зэрэгцээ хөрөнгө оруулалт босгон хэрэгжүүлж байгаа томоохон бүтээн байгуулалтдаа тендер олгож дотоодын компаниудаа дэмжиж хамтран ажиллаж иржээ. Өнгөрөгч онд тус Групп нь дотоодын 2,255 аж ахуй нэгж, 580 хувь хүнээс нийт 233 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авч, хамтран ажилласан байна. М-Си-Эс Групп ажлын байраа тогтвортой хадгалах бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд 2017 онд 800 гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Групп нь 8000 гаруй үндсэн ажилтнуудаас гадна 20 мянга гаруй иргэдийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж иржээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд группийн компаниуд нийгэм, байгаль орчин, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж 2017 онд 70 орчим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Шинэ мэдээ