ӨМӨЗО-нд зохион байгуулагдсан "Бизнес уулзалт" амжилттай болж өндөрлөлөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод албан ёсны айлчал хийлээ. Айлчлалын хүрээнд Улаанбаатар хотын Худалдааны танхим, ӨМӨЗО-ны бизнесийн төлөөлөл хамтран "Улаанбаатар, Хөх хотын бизнес уулзалт"-ыг зохион байгууллаа. Бизнес уулзалтанд Хөх хот болон Монгол улсын худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын төлөөлөл оролцож хамтран ажиллах мөн харилцан туршлага солилцож, ямар салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа.

Бизнес уулзалтанд ӨМӨЗО-ыг төлөөлж Хөх хотын Ардын Засгийн газрын төсөл хариуцсан албаны дарга Жан Гуопэн, Монгол Улсыг төлөөлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад хүн оролцож, үг хэлсэн юм. Хөх хотын Худалдааг дэмжих нийгэмлэг болон Улаанбаатар хотын Худалдааны Танхим үйл ажиллагаагаа танилцуулж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотын худалдааны таннхимын гишүүн “UFC Group”, “Монос групп” мэдээлэл хийж, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГын дарга Н.Бамсүмбэрэл өөрсдийн хэрэгжүүлж буй төслийг танилцуулжээ. Энэхүү уулзалтын гол зорилго нь хөрөнгө оруулалтыг татах, хамтран ашигтай ажиллах, хоёр орны бизнес эрхлэгчид харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийг нээж өгөхөд оршиж байгаа юм.

Бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийн төлөө зорилго, зорилт тавин үйл ажиллагаагаа явуулдаг Улаанбаатар хотын Худалдааны танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан энэ удаагийн “Бизнес уулзалт” амжилттай өндөрлөж, олон салбарт хамтран ажиллах, гишүүн байгууллагуудаа сурталчлах, хамтран ажиллахад гүүр болох олон боломж нээгдлээ.

Шинэ мэдээ