Оюу Толгой Монгол Улсыг хөгжлийн дараагийн шатанд хүргэх ач холбогдолтой төсөл мөн

Сүүлийн үед Оюутолгой төслийн үр өгөөжийг үгүйсгэсэн,нийгэмд эргэлзээ төрүүлэхүйц мэдээллийг зохион байгуулалттай тараах болсонтой холбогдуулан Монголын бизнесийн холбоодын зүгээс олон нийтэд хандан,байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзлээ.

Нэгт Оюутолгой төсөл нь Монгол Улсад сүүлийн 25 жилд хийгдсэн хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалт бөгөөд дэлхийн түүхэнд нэг уурхайд хийсэн хамгийн их дүнтэй хөрөнгө оруулалт болоод зогсохгүй манай улсын гадаад харилцааг гуравдагч хөрштэй холбосон эдийн засгийн бодит тулгуур мөн. Энэ төслийн үр дүнд бид хоёр хөршөөсөө хараат бус байдлаар эрдэс баялгаа арилжааны шударга зарчимд тулгуурлан өндөр үнэп хүргэх боломжтой бүрдэж байна.

Төслийг хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч Рио Тинто нь дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч бөгөөд Оюу Толгойд шилдэг техник технологио оруулж ирснээр шинэ ур чадвар туршлага Монголын хөрсөнд бууж байгаа юм. Монгол залуучууд дэлхийд үнэлэгдэхүйц ур чадвар арга туршлагад суралцаж байгаа нь төслийн хөрөнгө оруулалтын үнэлж баршгүй хэсэг мөн. Харин төслөөс манай эдийн засагт оруулсан шууд хувь нэмрийг тооцвол 2010-2017 оны хооронд нийт 7.2 тэрбум доллар зарцуулж олон мянган ажлын байр хэдэн зуун шинэ бизнесийг төрүүлсэн нь татварын суурийг төдий хэмжээнд өргөжүүлж өгснөөс гадна зөвхөн 2017 онд улсын төсөвт дангаараа 180 сая долларыг оруулсан байдаг. Оюутолгой нь 1,100 гаруй дотоодын ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж жилд 1тэрбум долларын мөнгөн урсгалыг Монголын зах зээлд нэмэрлэж байна.

Хоёрт Оюутолгойн ордын жинхэнэ үнэ цэнэ агуулагдаж буй 1,300 метрийн гүнд орших гүний уурхайн барилга угсралтын ажил ид өрнөж байгаа. Энэ их бүтээн байгуулалтад үндэсний олон компаниуд оролцож мэдлэг чадвар туршлага хуримтлуулж байгаагаас гадна 14,0000 Монгол залуус ажил орлоготой болж дэлхийд ховор ур чадвар туршлагыг хуримтлуулсан үнэтэй боловсон хүчин болж бэлтгэгдэж байна.

Дэлхийд танигдсан энэ орд нь 2002 онд анх нээгдсэн ч хэт их улс төржсөнөөс болж дөнгөж 2009 Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бол 2012-2015 оны хооронд бүтэн гурван жил дахин гацсан билээ. Үүний уршгаар Монгол Улсыг сонирхсон олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээгээд зогсохгүй дотоодын баялаг бүтээгчдийг гацааж эдийн засгийн хямралд ард иргэдээ оруулсныг бид ийм амархан мартаж болохгүй. Эндээс хожсон зүйл Монголд Монголчуудад ганц ч үгүй.

Харин Монгол Улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн үр дүнгд гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2016 онд эхлүүлж эдийн засагт мэдрэгдэхүйц эерэг өөрчлөлт идэвхжилт харагдаж эхэлснийг манай эдийн засагчид бизнес эрхлэгчид бэлхнээ гэрчилнэ.

Иймээс гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж 2027 оноос бүрэн хүчин чадлаар нт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэлийн бий болгох нь үндэсний эрх ашигт нийцнэ гэж бид үзэж байна.

Гуравт Оюутолгой төслийн алдаа оноо амжилтаас шалтгаалж дараа дараагийн гадаадын хаөрөнгө оруулалт орж ирэх эсэх нь шалтгаалах учир бид асуудалд хүлээцтэй хандаж төслийг бүрэн хэрэгжүүлэн олон улсын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж олон улсын хамтын нийгэмлэг зах зээлд олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын дүрмээр оролцож чаддагаа Монголчууд бид харуулах үүрэгтэй.

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж нэг салбараас хэт хамаарлыг үгүй хийх зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбараа дэлхийн жишигт хүргэн хөгжүүлж түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж чаддаг болох ёстой.

Эрдэс баялгаараа түүчээлэн хөгжиж чадсан Канад,Австрали, Чилли улсуудаас бид суралцаж болох бөгөөд дэлхийн тавцанд олон улсын бизнесийн дүрэмд захирагддаг итгэлцлийн тогтолцоог төлөвшүүлэн бэхжүүлж байж бид цаашид хөгжинө. Улс орны хөгжил бидний үр хүүхдийн гэрэл гэгээтэй ирээдүй бидний өнөөдрийн шийдвэр үйлдэл эс үйлдсээс хамаарна. Хүчээ нэгтгэн урагшаа тэмүүлье.

 

СЕО клуб

Монголын Бизнесийн Зөвлөл

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим

Монгол Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци