Эрчим хүчний сүлжээнд жил бүр 15,395 МВТ цахилгаан нийлүүлэх төсөл хэрэгжинэ

Монгол Улс эрчим хүчийг хэмнэх асар их нөөцтэй бөгөөд  хэмнэлт хийснээр  эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үргүй зардлыг бууруулах боломжтойг “Ногоон санхүүжилт II чуулганы төлөөлөгчид онцоллоо. Хас банк НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо, Байгаль орчин уур амьсгалын сан хамтран “Ногоон санхүүжилтийн хоёрдугаар чуулган”-ыг “Туушин” зочид буудлын хурлын танхимд  зохион байгуулсан юм.

“Эрчим хүчний хэмнэлт” сэдвийн хүрээнд өрнөсөн тус чуулган “Бид дэмжинэ” гэсэн уриаг дэвшүүлжээ.

Чуулганд сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж  буй аж ахуйн нэгжүүд, төр засаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, эрчим хүчний хэмнэлт бий болгох арга замууд,  санхүүжилтийн шийдлийг хэлэлцэв.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу эрчим хүч хэмнэх үүргийг Эрчим хүчний зохицуулах хороо хүлээж буй юм.

 

 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлэхдээ,  “Эрчим хүчийг хэмнэж үр ашигтай хэрэглэх нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулахаас гадна байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцийг ариг гамтай хэрэглэхэд дэлхий нийт анхаарч байна. Ганцхан жишээ дурдахад Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийн эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах ажлын хүрээнд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын санхүүгийн дэмжлэгээр үүрэг хүлээсэн 15 аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүчний жишиг аудитын төслийг хэрэгжүүллээ. Энэхүү аудитын зөвлөмжийн дагуу эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд жилдээ 259.7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч буюу 35.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, хөрөнгө оруулалтын зардлаа дунджаар 3 жилийн дотор нөхөж, нийтдээ 620 гаруй мянган тонн С02 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан нь  эрчим хүч хэмнэх асар их нөөцтэйг илтгэж байна” гэв.

 

Мөн үеэр эрчим хүчний хэмнэлт, эрх зүйн зохицуулалт, ач холбогдол, Байгууллагын эрчим хүчний удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, Хас банкны “Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөр”, Ногоон санхүүжилтийн шалгуур зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. 

 

 

Эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх зорилгоор манай улс 2015 онд Эрчим хүчний тухай хууль баталсан бөгөөд энэ хүрээнд  уул уурхайн компаниуд 5 сая, бусад аж ахуйн нэгж 3 сая, төрийн байгууллагууд 2сая кВт-аас дээш эрчим хүч хэрэглэж буй бол  цахилгаан хэмнэх үүрэг хүлээх юм. Өнөөдрийн байдлаар 127 байгууллага энэхүү үүргийг хүлээж эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгоход анхаарч буй аж.

 

Дээрх байгууллага, аж ахуйн нэгж хэмнэлт хийснээр  жилд 70-80 тэрбум төгрөг хэмнэж 200-300 кВт эрчим хүч үр ашиггүй зарцуулахаас сэргийлнэ гэдгийг албаныхан хэлж байна. Дээвэр дээрээ нарны эрчим хүч байрлуулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих боломжтой аж. Хэмнэлт хийх үүрэг бүхий байгууллагууд  2-5 сая кВт хэмжээнээс бага хэрэглээтэй болсон тохиолдолд урамшуулал олгох болон  татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж буй аж.

 

Өнгөрсөн онд манай улс 6.1 тэрбум кВт эрчим хүч үйлдвэрлэж импортоор 1.5 тэрбум кВт цахилгаан авчээ.

 

Чуулганаар Хас банк Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд барих 10 мега ваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг барих төслийг Уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болжээ. 

 

Тус чуулганаар Хас банкны газрын захирал Б.Еркин, төслийн хэрэгжүүлэгч И Эс Би Солар Энержи компанийн Гүйцэтгэх захирал С.Хүрэлбаатар нар Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Дээрх төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний сүлжээнд жил бүр 15,395 МВт цахилгаан нийлүүлэх бөгөөд ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг жилд 12,270 тонноор бууруулаад зогсохгүй 171 сая литр усыг хэмнэх юм байна.

 

Хас банкны гүйцэтгэх захирал М.Болдоо ярихдаа, “Өнгөрсөн жилийн анхдугаар чуулганы үр дүнд иргэд, аж ахуйн нэгжүүд Хас банкнаас нийт 8.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар жил бүр 10.3 сая киловатт эрчим хүч хэмнэж, 4,303 тонн хүлэмжийн хийг бууруулж байна. Энэ жилийн чуулган үүнээс ч илүү үр дүнтэй байж, олон мянган иргэн, олон зуун бизнес эрхлэгчид өгөөжөө өгөөд зогсохгүй байгалииа унаган төрхөөр нь хадгалж үлдэх, улмаар Монгол Улсын 2016-2030 оны Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.

 

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд 2018-2022 он хүртэл энэхүү хөтөлбөрийг орон даяар бүхий л салбарыг хамруулан хэрэгжүүлэх юм.

 

Хас банк Ногоон санхүүжилтийн чуулганыг цаашид ч уламжлал болгон зохион байгуулж, дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийг бүс нутгийн хэмжээнд сааруулахад бодит хувь нэмэр оруулан, манлайлан ажиллахаа чуулганы үеэр мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж:Montsame.mn

Шинэ мэдээ