Ж.Оюунгэрэл: Манлайллыг хүн өөрийн биеэр бусдад харуулах нь хамгийн зөв


 

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч, “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл “Эрдэмт” ТББ-аас зохион байгуулдаг “Өглөөний хүн” уулзалтанд урилгаар оролцож, эх орны ирээдүй болсон залуустай санал бодлоо хуваалцлаа. Дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид, оюутан, залуу бизнесмэн, уул уурхай, эрүүл мэнд, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүс түүнчлэн хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн хүн ч цөөнгүй байлаа. Энгийн байхыг илүүд үздэг Ж.Оюунгэрэл захирал залуусыг нийгэмд үзүүлэх нөлөөллөө нэмэгдүүлэхийг сануулаад, эх орны ирээдүй болсон залуучууд та бүхэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байхыг онцолсон. Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагаа дуулгаад агаар болон хөрсний бохирдлын асуудалд ихээхэн анхаарал хандуулж, төр хувийн хэвшил хамтарч олон чухал ажил хийх талаар дуулгав. Хотын танхим “Хас банк”-тай хамтарч “Ногоон сан” байгуулж, хөрсний бохирдлоо өөрсдөө шийдсэн иргэдэд хүү багатай зээл олгох шийдлийг гаргасан аж. Цаашдаа төлөвлөсөн ажлууд шат дараатайгаар үргэлжилж Улаанбаатар хотын хөгжилд Улаанбаатар хотын Танхим ихээхэн ач холбогдол өгч ажиллах юм байна.

Монголын нийгэмд цахим орчин маш их нөлөөлж байгааг онцлоод хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцийг зөв залахын ач холбогдлыг залуустай ярилцлаа. Олон залуус асуулт асуухыг хүсч, асуултандаа хариулт авч байлаа. Тэдний дундаас онцлох асуулт, хариултыг тоймлон хүргэе.

-Хэсэг хугацаанд бензиний үнэ нэмэгдэж ихээхэн шуугиан болсон. Энэ үед таныг болон танай компанийг ихээхэн шүүмжилсэн. Та энэ байдлыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Нийгэмд сошиал ертөнц маш их нөлөөлж байна. Нэг буруу ойлголт төрүүлэх шар мэдээ гарахад л маш амархан цааш тарж, ямар ч нотолгоо баримтгүй бүгд итгэж байна. Нийслэлийн нийт ШТС-ын 18 хувийг л“Петровис” эзэлдэг. Гэсэн атал зөвхөн манайхыг л онцолдог. Олон жил тууштай үйл ажиллагаа явуулсны илрэл бүгд мэддэг болсонтой холбоотой байх.

-Та олон бизнест хөрөнгө оруулсан гэж сонссон. Хөрөнгө оруулалт хийхдээ эхлээд юу анхаардаг вэ?

-Бизнест эхлэхэд сайн төлөвлөгөө, төсөл мөн боловсон хүчин чухал болохоос мөнгө биш. Тэр төслийг маш сайн мэддэг, хийж чадах хүн хамгийн чухал. Түүхий зүйлд хөрөнгө оруулах хүн байхгүй бөгөөд тэр ажил хол явахгүй. Тэдэн төгрөг л байвал би ажлаа хийчихмээр байна гэж ярьдаг хүмүүст би дургүй.

-Монголын боловсролын талаарх таны бодлыг сонирхмоор байна. Хойч ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийсэн үү?

-Хүүхдүүд суурь боловсролыг эзэмшихдээ гадаад явахгүйгээр Монголдоо дэлхийн боловсролыг эзэмшээсэй гэсэн хүсэл эрмэлзэл дээр “British School”-ийг байгуулсан. Англи улсын стандартын дагуу сургалт явагддаг бөгөөд тухайн улсдаа гурваас дээш жил багшаар ажилласан туршлагатай хүмүүсийг сонгон ажиллуулдаг. Хүүхдүүдийн сургалтын төлбөрийн 90 хувь нь багш нарын цалинг төлөхөд зарцуулдаг. Боловсролын салбар бол ямар нэгэн ашиг хардаг ажил биш. Боловсролын салбарын стандартыг дээшлүүлж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь Монголын ирээдүйд маш их хэрэгтэй. Үнэхээр сурах хүсэлтэй сурлагадаа сайн ч төлбөрийн чадваргүй хүүхдүүдийг сургах тэтгэлгийг эхлүүлсэн. Цаашдаа тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдийн тоог нэмэх бодолтой байна.

Ийнхүү хоёр цаг шахам үргэлжилсэн уулзалт дууссан ч залуусд асуух зүйл их байсан. Тиймээс уулзалтын дараа бизнесийн чиглэлээр Ж.Оюунгэрэл захирлаас зөвлөгөө авч ярилцсан юм.