Америкийн хоригт орсон Оросын баячууд тэрбум, тэрбум долларын алдагдал хүлээж байна

АНУ-ын хар жагсаалтад багтсан Олег Дерипаска, Сулейман Керимов нар. Олег Дерипаска хөрөнгийнхөө бараг дөрөвний нэгийг алджээ

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын зүгээс Оросын томоохон бизнес эрхлэгчид болон Оросын хэд хэдэн компанийн эсрэг хориг тавьсан билээ. Америкийн хоригт орсон Оросын олигархууд болон компаниуд баасан гарагаас хойш тэрбум тэрбум долларын алдагдалд орсон байна. 

Хориг жагсаалтад Оросын долоон бизнес эрхлэгч, төрийн албан хаагчид болон хэд хэдэн компаниуд багтсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Оросын засгийн газар АНУ-ын тавьсан хоригийн улмаас гарсан хохирлыг бууруулах бүхий л  арга хэмжээнүүдийг авч байгаа хэмээн мэдэгдсэн байна. 

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргадаг Форбс сэтгүүлд Оросын тэрбумтнууд хөрөнгө нь хамгийн ихээр багассан хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн талаар онцолжээ. 

Жагсаалтад багтсан бизнесмэнүүдийн хөрөнгө даваа гарагийн эхний хагас гэхэд бараг 3.32 тэрбум ам. доллараар буурсан бол жагсаалтад багтаагүй ч алдагдал хүлээгээд буй бизнесмэнүүдийг оролцуулбал нийт 54 бизнес эрхлэгч 14 тэрбум ам. долларын алдагдалд оржээ. 

Москвагийн хөрөнгийн бирж дээр уналт ажиглагдаж байгаа бол Лондонгийн бирж дээрх Оросын бараг бүх компаниудын үнэ буурсан байна.

Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 23т бичигддэг Олег Дерипаска болон түүнд хамааралтай найман компани хориг жагсаалтад багтжээ.

Москвагийн биржийн индекс бараг 7 хувиар, РТС индекс 9.57 хувиар буурсан ба Сбербанк, Газпром, Лукойл, Алрос, Роснефть, Норильский никель зэрэг компаниудын хувьцааны үнэ буурсаар байна. 

Лондонгийн бирж дээр Лукойл, Новатэк, НЛМК, Фосагро, Полюс Золота, Роснефть, Сургутнефтегаз зэрэг Оросын бараг бүх компаниудын хувьцааны үнэ буусан байна.

Оросын рублийн ам.доллар болон евротой харьцах ханш суларч, АНУ-ын доллар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-наас хойш анх удаа 60 рублиэс илүү үнэд хүрсэн бол евро 2 рублиэр нэмэгдэж, 2016 оны наймдугаар сарын 4-нөөс хойш анх удаа 74 рублиэс үнэтэй болжээ.

Хувьцааны үнэ буурч байгаа нь хөрөнгө оруулагчид эрсдэлээ бууруулахыг хичээж байгаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Оросын томоохон бизнесмэнүүд болох Олег Дерипаска, Виктор Вексельберг, Игорь Ротенберг болон Кирил Шамаловын удирддаг 12 компанитай хийсэн гэрээгээ хөрөнгө оруулагчид ирэх зургаадугаар сарын 5 гэхэд цуцалсан байх ёстой гэнэ. 

Энэ нь зөвхөн АНУ-ын иргэд болон компаниудад ч хамаатай биш бөгөөд дээрх компаниуд болон хувь хүмүүстэй ажилладаг гуравдагч орныхонд ч хамаатай аж. Хэрэв тэд жагсаалтад багтсан компаниудтай ажиллахаа болихгүй бол тэдний эсрэг ч мөн адил хоригт багтах эрсдэлтэй гэнэ.

Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 23т бичигддэг Олег Дерипаска болон түүнд хамааралтай найман компани хориг жагсаалтад багтжээ. Олег Дерипаскагийн хувьд АНУ руу нэвтрэх эрхгүй болсон ба АНУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа түүний бүх хөрөнгийг царцаажээ. 

Форбс сэтгүүлд бичсэнээр Олег Дерипаска хөрөнгийнхөө бараг дөрөвний нэгийг буюу 1.3 тэрбум ам. доллар алдаад байгаа аж. Тэрээр Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 23-т бичигддэг байсан бол сүүлийн үеийн үйл явдлаас болж 29-д бичигдэх өндөр магадлалтай болсон байна.

Түүний төмөрлөгийн, эрчим хүч, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Русал, En+ компаниуд хамгийн их алдагдлыг хүлээгээд байгаа аж. Русал компанийн хувьцааны үнэ Хонконгийн бирж дээр хоёр дахин буурсан бол En+ компанийн хувьцааны үнэ 40 хувиар буурсан байна. 

Русалын хувьцааны үнэ хоёр дахин унажээ

ОРОСЫН ХАМГИЙН БАЯН ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛТЫН 10Т  ВИКТОР ВЕКСЕЛЬБЕРГ  ХӨРӨНГӨ 1 ТЭРБУМ ОРЧИМ АМ. ДОЛЛАРААР БАГАСАВ

Форбс сэтгүүлээс мэдээлж байгаагаар Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 10т бичигддэг Виктор Вексельбергийн хөрөнгө 1 тэрбум орчим ам. доллараар багассан байна. Швейцарийн Sulzer автомашин үйлдвэрлэгч компани өөрийн 5 сая хувьцаагаа Ренова компаниас худалдан авахаар болж байгаа ба ингэснээр Ренова тус компанийн хяналтын багцаа алдаж, 48.83 хувийг эзэмших аж.

Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 21т бичигддэг Сулейман Керимов 921 сая ам. долларын алдагдалд ороод байна. Түүний гэр бүл алт олборлогч Полюс компанийг эзэмшдэг юм. 

Лондонгийн үнэт цаасны бирж дээр дээр тус компанийн хувьцааны үнэ 14 орчим хувиар буурсан бол Москвагийн бирж дээр 10 хувиар буурчээ.

Владимир Богданов 58 сая ам. долларын алдагдал хүлээсэн байна. 

Оросын эсрэг хоригт Оросын ВТБ банкны ерөнхийлөгч Андрей Костин мөн багтсан байна. Тэрээр, “Намайг энэ жагсаалтад оруулсаныг би хувийн шалтгаантай гэж бодохгүй байна. Яагаад гэвэл би АНУ-д, Америкийн ашиг сонирхлыг зөрчсөн ямар нэг муу зүйл хийгээгүй, би хэзээд Америкийн банкууд болон Америкийн хөрөнгө оруулагчидтай ажил хэргийн сайн харилцаа үүсгэхийг хичээж ирсэн.” хэмээн ярьсан байна. ВТБ банкны хувьцаа Москвагийн бирж дээр 10 орчим хувиар унасан байна. 

Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 49-д бичигддэг Владимир Богданов 58 сая ам. долларын алдагдал хүлээсэн байна. Америкийн Гадаад хэргийн яамнаас гаргасан тайлбарт В.Богданов Оросын эрчим хүчний салбарт ажилладаг учраас түүнийг хориг жагсаалтад оруулсан гэж дурдсан байна. В.Богданов Сургутнефтегаз компанийн ерөнхий захирал болон хувьцаа эзэмшигч юм. Тус компани нь Оросын газрын тосны томоохон компани бөгөөд 2014 оны есдүгээр сард АНУ-ын хоригт орсон юм. В.Богданов Сургутнефтегаз компанийг 1984 оноос хойш удирдаж байгаа аж.

Биржийн уналтаас болоод Америкийн хоригт ороогүй Оросын бусад бизнесменүүд ч хохирол амсаад байна. Жишээ нь Евраз компанийн хувьцаа эзэмшигч Роман Абрамовичийн хөрөнгө 700 сая ам. доллараар, Александр Абрамовынх 452 сая ам. доллараар тус тус багассан байна. Харин Владимир Потанин 1.5 тэрбум ам. долларын алдагдал амсчээ.

Эх сурвалж: BBC

Шинэ мэдээ