41 мянган иргэний зээлийн мэдээллийн түүхийг лавлагаанд тусгахгүй болов

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар тус банкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг тодорхойлжээ.

Улмаар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс өмнө төлбөрөө бүрэн барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулжээ.

41 085 иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангаж буй аж. Банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлж буй нэг удаагийн, бодлогын энэхүү арга хэмжээ нь харилцагчийн эрхийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой юм. Төвбанк өнгөрсөн онд 25 621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулж байв.