Ж.Од: Улаанбаатар хотод асуудал байгаа л бол бидэнд хийх ажил их байна гэж ойлгох хэрэгтэй

 


 

 

М Си Эс группын ерөнхийлөгч, Улаанбаатар хотын танхимын удирдах зөвлөлийн гишүүн Ж.Одтой ярилцлаа.

-Та Улаанбаатар хотын худалдааны танхимын анхын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Танхимыг анх байгуулж байсан зорилго өнөөдөр хэр хэмжээнд биелсэн бэ?

-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хамтран УБХТ (Улаанбаатар хотын худалдааны танхим)-ыг байгуулсан гол зорилго нь хотын хөгжил, хөрөнгө оруулалтад хувийн хэвшлийн бололцоо чадавхыг дайчлах, төрөөс хийж байгаа хөрөнгө оруулалтын талаарх мэдээллээр хувийн хэвшлийг хангах, худалдан авах үйл ажиллагаанд компаниуд ижил тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлэх юм. Өнөөдөр гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хотын удирдлагууд өөрчлөгдсөн ч бидний санал, санаачилгыг үргэлж нааштайгаар хүлээн авч нягт хамтарч ажиллаж байгаа нь тун сайн хэрэг.
Танхим үүргээ гүйцэтгэсэн эсэхийг дүгнэхэд гурван жил бага хугацаа. Ямартай ч нийслэлд төр, хувийн хэвшил хамтарч ажиллах хэлбэрүүд бий боллоо.
Мөн Улаанбаатар хотын Арбитр байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Олон улсын Арбитруудын түвшинд хараахан хүрээгүй ч нөхцөл нь бүрдсэн. Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж удирдах зөвлөлийг нь хувийн хэвшил, хараат бус гишүүд, хотын удирдлагын төлөөлөл бүхий бүтэцтэй зохион байгуулсан гэх мэтээр тодорхой алхмууд хийгээд, механизмууд нь ажиллаж байна. Эдгээрийн нэг нь “Улаанбаатар хөрөнгө оруулалт” чуулга уулзалт.
Энэ форум бол нийслэлд төсвөөс хийж хэрэгжүүлэх болон хувийн хэвшлийн хийж болох ажлуудын талаар мэдээ мэдээллээ харилцан солилцож, зарим төсөлд хувийнхны хөрөнгө хүчийг дайчилж оролцуулснаар төсвийн хөрөнгийг хэмнэх боломжийг эрэлхийлсэн нэг арга хэмжээ юм.
-Төр, хувийн хэвшлийн түншлэх суурь нь бий болсон гэлээ. Өнөөдөр Улаанбаатар хотод хувийн хэвшлийн санал болгосон төслүүдээс хэрэгжүүлсэн зүйл бий юү?
-Цэвэр хувийн хэвшил хэрэгжүүлж чадах төслийг аж ахуйн нэгжүүд өөрсдөө аваад явчихаж байгаа. Хотоос хийх шаардлагатай ч, боломж нь хязгаарлагдмал төслийг хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай юм. Түүнээс хувийн хэвшлийн төслийг хот санхүүжүүлэх тухай асуудал биш л дээ. Эсвэл дан хувийн хэвшил хөрөнгө оруулахад ашиггүй, гэвч нийгмийн асуудлыг шийдэхэд зайлшгүй хэрэгтэй төслийн тодорхой хувийг нь нийслэлээс гаргаад хэрэгжүүлэх боломжтой төслүүдээ хэлэлцдэг. Одоогоор шийдээд, хэрэгжүүлчихсэн гээд хэлэх тодорхой зүйл байхгүй байж магадгүй. Гэхдээ энэ механизмаа улам сайжруулснаар цаашид олон асуудлыг шийдэж чадна.

-Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг яаж сайжруулж болох вэ?

-Хотод хэрэгжүүлэх төслүүдийг бизнестэй уях боломжтой байдаг. Учир нь Улаанбаатар өөрөө маш шигүү зах зээл. Хөдөө нэг км зам барья гэхэд хувийн хэвшил хөрөнгө оруулаад ашиггүй шүү дээ. Харин хотод энэ давуу тал алхам бүрт байгаа.
Гудамжаар хүн явж байгаа бол тэнд бизнес хийж болно. Бид хотын гудамж талбайг нийтийн эзэмшлийнх учраас төсвөөс засаж тохижуулах ёстой гэж хардаг. Гэтэл гудамжийг тохижуулах нь тэнд бизнес эрхэлдэг дэлгүүр хоршоо, үйлчилгээ үзүүлэгчдэд хэнээс ч илүү чухал. Яагаад гэвэл тэр гудамжаар явах хүмүүстэй тэд бизнес хийж орлого олж байгаа шүү дээ. Энэ нөхцөлд тэдгээр бизнес эрхлэгчдэд шууд хандаад “Та нар өөрсдөө замаа тохижуул, хотоос ийм дэмжлэг үзүүлье” гэх маягаар асуудлыг хялбар шийдэж болно.
Тендер зарлаад уг гудамжтай ямар ч хамааралгүй нэг компани шалгаруулаад, 100 хувь санхүүжүүлснээс хавьгүй хэмнэлттэй, үр өгөөжтэй. Яагаад гэвэл, тэр гудамжинд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд чинь ашиг орлогоо өсгөж, хүн татахын тулд гудамжаа аль болох халтирдаггүй, хайрдаггүй, амрах чөлөөтэй, тухтай байх талаас бодно. Зам тавьчихаад л яваад өгөх компанид тэр зам гоё сайхан, гэрэлтэй, тохитой, удаан эдэлгээтэй байх эсэх нь нэг их чухал биш.
Хамгийн гол давуу тал нь нийтийн хөрөнгийг хэмнэж байгаа явдал. Дээрээс нь тендер зарлах, цаг алдах, хэл ам үүсэх асуудал гарахгүй. Тэр замыг ашиглаж байгаа хүмүүсээс илүү сэтгэл гаргах хүн олдохгүй л болов уу. Улс мөнгөө хэмнээд, бүтээн байгуулсан дэд бүтэц нь эзэнтэй байх л хамгийн урт хугацааны зөв арга зам.

-Таны бодлоор манай нийслэл хөгжиж байна уу?

-Хөгжиж байгаа. Хөгжил өөрөө эерэг, сөрөг үр дагавартай. Араасаа нийгмийн олон асуудал дагуулдаг. Улаанбаатар хот нэг хэсэг ямар ч төлөвлөлтгүй явсан. Ер нь нийгэм тэр чигээрээ амьдралын төлөө өдөр хоногийг аргацааж байсан үед хэн ч төлөвлөлтийн тухай бодох сөхөөгүй байлаа шүү дээ.
Би эхэндээ үүнд харамсдаг байлаа. Харин Азийн олон хотыг үзсэний дараагаар ихэнх нь хөгжлийн ийм зам туулсныг мэдэрсэн. Харин хот нь хөгжөөд, чадамжтай болоод ирэхээр бодлогоор дахин төлөвлөлт хийж цэгцэлсэн байдаг. Түүнээс биш хоолныхоо мөнгийг олох гэж явж байсан хүмүүсийг бүгдийг эхнээс нь цэгцтэй хий гэж шахах бололцоо ч байгаагүй. Тэглээ гээд санаагаар унахын оронд бага багаар ерөнхий төлөвлөгөө гаргаад, хэрэгжүүлээд явмаар байгаа юм.
Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын форумаар жишээ татаад ярихад бид жил бүр тухайн жилийн хийх ажлыг хэлэлцдэг. Энэ хаврын бүтээн байгуулалтын ажлуудын талаар сонсохоор бид өнөөдөр уулзаж байна. Харин хөрөнгө мөнгө босгоод хоёр талаасаа төлөвлөлт хийгээд явахад нэг жил гэдэг дэндүү богино хугацаа юм байна.
Жишээлбэл, хог бол шийдэх ёстой асуудал мөн. Гэтэл хогийг төрөл бүрээр боловсруулах технологи нь гарчихсан, хоргүйгээр шатаагаад цахилгаан ч гаргаж байна. Ийм үйлдвэр хотод хэрэгтэй ч хувийн компани дангаараа байгуулахад өртөг өндөртэй, ашиггүй байж магадгүй. Тэгвэл яагаад хот 30 хувийг нь компани 70 хувийг нь гаргаад хэрэгжүүлж болохгүй гэж. Төсөл нь өөрөө нийгэмд хэрэгтэй, компанид ашигтай. Хэрвээ үйлдвэр байгуулах өртөг 10 сая ам.доллар гэж үзвэл төсвийн хөрөнгөөс долоон сая ам.доллар хэмнээд, давхар хогноосоо салчихна. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. Компани үйлдвэр барьж, ажлын байр бий болгон, ашигтай ажиллах боломжтойгоороо хоёул хожиж байгаа юм. Ийм төслүүдийг бид нэг жилийн дотор ярилцаад, шийдээд, хэрэгжүүлж чадахгүй. Тэгэхээр энэ форумаа жил бүр зохион байгуулж, харин хөгжлийн 3-4 жилийн том төслүүдийн урьдчилсан төлөвлөгөөг ярилцдаг байвал үр дүнтэй санагдаад байгаа юм.Төлөвлөгөө нь эрх мэдэл шилжихэд дагаж солигддог байдлыг болих хэрэгтэй.
Хот дөрвөн жилийн дараа энэ ажлыг гарцаагүй хийнэ, хувийн хэвшил ийм хэлбэрээр оролцоно, төслүүд хоорондоо ингэж уялдана гэх мэтээр ярилцдаг бол илүү үр дүнтэй түншилж, илүү хурдтай хөгжинө.
Ямар ч төсөл дээр ийм хэлбэрээр хамтарч ажиллаж болно. Улаанбаатарчууд хэзээ болтол хальтиргаатай замаар даарч, болгоомжил, бээвийж алхах вэ. Хүнд нөхцөлтэй хот шүү дээ, өвөлдөө. Улаанбаатарын гудамжинд хүн битүү замаар явдаг байх ёстой. Үүнийг яаж хийх вэ гэдгийг л тооцож гаргаад хувийнханд тэндээс энэ хүртэл “шилэн коридор бариад, ийм зайд нь үйлчилгээ үзүүлж болно” гэдэг зөвшөөрлийг өгчих ёстой. Тэгээд түүнийгээ BRT гэх мэт бусад төсөлтэйгөө холбохгүй бол Улаанбаатар дэлхийгээс хоцорлоо. Халуун оронд хүртэл иргэд нь битүү замаар явдаг. Хүйтэн хотуудад иргэд нь бүгд газар доогуур явж байна шүү дээ. Гэтэл бид цас цэвэрлэх тухай л яриад байна. Гудамжинд хүрзээр цас цохиж байгаа хүн харахад миний сэтгэл өвддөг. Энэ бол намайг 10 жилийн сурагч байхад харагддаг байсан дүр зураг.
-Компаниудын зүгээс урт хугацааны бизнесийн төлөвлөлт хийгээд явахад, төрийн богино, хугацааны, бодлого шийдвэр садаа болж байна гэдэг.
-Компаниуд өөрсдийнхөө эрсдэлийг даагаад төлөвлөлтөө хийгээд явж байгаа. Хувийн ажил гэдэг өөр. Нийгмийн төсөл хөтөлбөрийн хувьд бодлого дутагдаад байгаа юм. Сүүлийн үед бүх юмыг улс хийнэ гэдэг боллоо. Өнөөдөр янз бүрийн үйлдвэр барина гэж байгаа. Өртгийн тухай хэн ч ярихгүй байна. Харин энэ асуудлыг хувийн хэвшлээр шийдүүлэхэд ямар бодлого хэрэгтэй юм, татварын бодлого юм уу, эрх зүйн орчин юм уу гэсэн сэтгэхгүйгээр хандах ёстой баймаар. Бүх асуудлыг улсаас шийднэ гэвэл барахгүй.
-Та гурван жилийн өмнө төр татвараа зөв, шударга цуглуулж, оновчтой зарцуулах л үүрэгтэй, бизнест оролцох хэрэггүй гэж ярьж байсан. Өнөөдөр эрх баригчид солигдсон ч дүр зураг хэвээрээ л байна.
-Систем. Системээ засахгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй, хэвээр л байх болов уу. Ямар ч зөв бодлоготой төр дампуурдаггүй. Яагаад гэвэл татвар хураах онцгой эрхтэй. Харин хураасан татвараа нийгмийн болон дэд бүтцийн төслүүдэд зөв хуваарилах ёстой. Төр олсон бүх мөнгөө ямар нэг буруу бизнест хөрөнгө оруулаад эрсдэл хүлээж болохгүй шүү дээ.
-Та хотод хувийн хэвшлийнхний хийх ажил их байна гэж ярьдаг хүн. Өнөөдөр хэр их ажил байна вэ?
-Улаанбаатар шиг их асуудалтай хот байхгүй гэж ярьж байгаа л бол Улаанбаатар шиг хийх ажил ихтэй хот байхгүй гэсэн үг. Харин яавал үүнийг хувийн хэвшлээр хийлгэх вэ гэж бодож, шийдэл гаргахын төлөө явах хэрэгтэй.
Жишээлбэл, 1990-ээд онд бараа таваар гээд байх юм байгаагүй. Өлсгөлөн, өлөн зэлмүүн байдалд картын бараагаар торгоож байлаа. Энэ үед тухайн үеийн төр хамгийн зөв юм хийсэн нь хүн бүрт гадаад паспорт олгоод дуртай зүгтээ явж наймаа хийх эрх олгоод орхисон. Түүнээс мөнгөгүй Засгийн газрын гишүүд нь өөрсдөө ийш тийш явж хүн бүрт өмсөх хувцас олж ирээгүй шүү дээ. Хятад улстай визгүй болгож өгсөн. Урд хамгийн хямд бараатай зах зээл, хойно хамгийн “өлсгөлөн” зах зээл байсан болохоор 1-2 жилийн дотор манай дэлгүүрүүдийн лангуу дүүрч, хувийн хэвшлийнхний анхны хуримтлал бий болсон. Бүх хүнд бололцоог олгож, төрөлжөөд ирэхээр одоо бид чанар, брэнд ярьдаг боллоо. Үүнтэй адилхан утааны асуудлыг ч бодлогоо зөв гаргах юм бол шийдэл нь олдож л таарна.
-Дэлхийн аз жаргалтай хотуудын жагсаалтыг дэлхийн хэвлэлүүд гаргасан байна лээ. Манай нийслэл хойноосоо л тэргүүлж байгаа харагдсан. Улаанбаатар маань хэзээ аз жаргалтай хол болно гэж бодож байна вэ?
-Улаанбаатар хамгийн аз жаргалгүй хот гэж бодохгүй байна. Утаа, халтиргаатай, нийгэм бухимдалтай байгаа нь бодлого үгүйлэгдэж байгаагийнх. Түүнээс биш Улаанбаатар бол сайхан хот. Нэгдүгээрт, хэмжээний хувьд хэт том биш, бас жижиг биш. Байгалийн тогтоц нь хаанаас ч харсан уул, мод, ус нь харагддаг. Том хот гээд хаашаа ч харсан ханан дунд амьдрах бас сайхан биш. Улаанбаатар бол байгальтайгаа хоршоод сайхан төлөвлөж болохоор хот. Мөн түүхэн үеүүдийн дурсгал ихтэй, хуучны сүм дуган, социализмын үеийн орон сууцууд, орчин үеийн өндөр барилгууд гээд олон өнгө төрх сүлэлдсэн хот. Тийм мөртлөө иргэд нь залуу, залуучууд нь их гоё тэмүүлэлтэй. Иргэд нь эерэг энергитэй, нээлттэй. Улаанбаатарт бүх боломж нь бий.
-Гэхдээ л нийслэлд шийдэх асуудал олон. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол, эрүүл мэнд гээд л. Эдгээр асуудлаас шийдэх шийдэл танд харагдаж байна уу?
-Болдог бол бүх айлыг орон сууцанд оруулахад л утааны асуудлыг шийдчихнэ. Монгол шиг цаг агаартай бүү хэл Африкт утаа хамгийн том асуудал юм билээ. Яагаад гэхээр тэр олон орон гэргүйчүүд бүгд гал түлж хоолоо иддэг.
Харин манайд ажлууд явахгүй, бодлого тодорхойгүй байгаад учир шалтгаан байна. Дулааны эх үүсвэр V цахилгаан станц гэж яриад 20 жил боллоо. Гадаадын том консерциумууд орж ирээд энэ станцыг шийдээд барья гэж байсан. Гэтэл газрыг нь шийдэж чадаагүй өнөөдөр явж байна. Станц барихгүй юм бол өөр шийдэл байна уу. Хий хэрэглэе гэхээр үнэтэй. Тэгвэл яаж хямд хийтэй болох вэ гэж бодох ёстой биз дээ.
Энэ мэтчилэн томоохон төсөл, ажлууд явдаггүй, гацдаг болчихоод байгаад дүгнэлт хийж ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

-Өнөөдөр бизнесийн талбарт амжилтад хүрсэн үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийнхээ хийж гүйцэтгэсэн ажлыг харлуулах гэсэн зүйл их гарах юм. Энэ нь та бүхний урмыг их мохоодог уу?

-Эхэндээ хэцүү байсан. Сүүлдээ дөжирчихдөг юм байна. Бүх л юмыг харлуулж байна шүү дээ. Бизнесмэн гэхээр мөнгөний төлөө явдаг хүн гэж ойлгоод байх шиг. Бизнес бол амьдралын нэг хэв маяг. Бид нэг бол татвар төлөгчдийн мөнгөөр амьдарна, эсвэл бизнес хийнэ. Аль болох олон ажлын байр бий болгоод олуулаа нийлж байж л бизнес хийнэ. Хэрвээ өрх бүр жижиг, дунд бизнес эрхлээд амьдардаг бол сайн байна. Гэхдээ ихэнх хүн том компаниудад орж ажиллаж, туршлага сууж, амжилтад хүрснийхээ дараа өөрийнхөө бизнесийг эхлүүлдэг. Дэлхий даяраа л ингэж амьдарч байна.
Бизнес эрхлэгчид гэдэг төрөөс мөнгө авахгүй, төрдөө татвар төлөөд төрийн албан хаагчдынхаа цалинг бүрдүүлээд явж байгаа хүмүүс. Ашиггүй ажиллаад байвал дампуурна. Дор хаяж алдагдалгүй ажиллах ёстой. Тодорхой, хэмжээнд хүртлээ нэг доллар ч үнэтэй цэнтэй, богино хугацаанд ашгаа нөхөх бизнес хийх хэрэгтэй байдаг. Харин хөлөө олоод, тогтсоныхоо дараа компаниуд нийгэмд хэрэгтэй 10-20 жилийн дараа л ашгаа өгөх том төслүүд рүү орж эхэлж байна.
Бизнесмэнүүд бол мөнгөний төлөө улайрсан луйварчин гэдэг ойлголтыг санаатай, санаагүй нийгэмд тарааж байна. Үүнээс болоод улс төр рүү орох нь бизнес эрхлэхээсээ нэр цэвэр харагдаж, татвар төлөгчдийн мөнгөөр амьдрах нь ариун явдал, харин бизнес эрхэлж татвар төлөх нь луйвар мэт харагдаад байна. Монгол Улсыг нэг айл гэж харвал гэр бүлийн гишүүдэд ажил хийх болоогүй нялхас, хийдгээ хийчихээд тэтгэвэртэй суусан өтгөс ч бий. Харин хөдөлмөр эрхэлж байгаа нь ажил хийж олсон орлогоороо тэднийхээ хэрэгцээг хангаж, халамжлаад явдаг. Гэтэл тэднийгээ бусад нь ад үзээд байгаа нь утгагүй зүйл.
-Бизнес өнөөдөр ямар байна вэ?
-Хөрөнгө оруулалт тааруу хэвээрээ л байна. Гэхдээ сүүлийн нэг жилд эерэг зүйлс ажиглагдаж байгаа.
Гол нь улс төр ийм байхад том хэмжээний хөрөнгө оруулах зоригтон олдохгүй л дээ.
Том хөрөнгө оруулалтууд хийгдээд ирэх юм бол Монгол Улс хөл дээрээ дороо босоод ирэх юм байна гэдгийг бид мэдэрсэн. Өнөөдөр бол хөрөнгө оруулагчид харзнасан байдалтай л байна.
-Дэлхийн бизнесийн чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?
-Дэлхий нийт хиймэл оюун ухааны тухай ярьж байна. Маргааш бүх зүйл чиптэй болох нь. Өнөөдөр блокчэйний тухай ярьж байна. Залуус маань техник технологийн мэдлэг, мэдээллээрээ дэлхийтэй зэрэгцээд явж байна. Харин бодит ажил болгож, амьдралд хэрэгжүүлэхэд зөв бодлого хэрэгтэй. Ахиад 20 жилийн дараа бид утаа, түгжрэлээ ярьсаар байвал эмгэнэл.
Манай үеийнхний нэг дутагдал байна. Залуу үеийнхэндээ боломж олгохгүй, тэднийг болоогүй байна гэх маягаар хаах хорих хандлагатай байдаг. Би үүнээс их ичдэг. Өнөөдөр залуус улс орноо удирдаад явах цаг болсон. Тэдэнд итгэл хүлээлгэх хэрэгтэй. Нийгэм хаашаа явж байгааг ойлгохгүйгээр боломжуудыг хаагаад байж болохгүй.
-Улс төрд ийм хоцрогдол байгаа учраас улс орны хөгжлийг хойш татаад байх шиг. Улс төр шинэчлэгдэх цаг болсон гэж харж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь улс төрийг бизнесээс салгахгүй бол тийшээ л хошуурна. Улсаа чин сэтгэлээсээ хөгжүүлье гээд төр рүү зүтгээд байгаа нь цөөхөн л байх. Улс төрөөр мөнгө хийдэг системийг л өөрчлөхгүй бол урьд нь залуучууд бизнес рүү хошуурдаг байсан бол одоо эсрэгээрээ улс төр рүү хошуураад эхэлчихлээ. Улс төрд орвол эрсдэлгүйгээр мөнгө хийж болж байна гэдэг сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй.
 
Сэтгүүлч D.Bekhbayar

Шинэ мэдээ