“Ногоон сан” төрийн бус байгууллага байгуулагдлаа

“Улаанбаатар хотын худалдааны танхим” нь агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах, энэ ажлын хүрээнд “Ногоон сан” төрийн бус байгууллага байгуулах саналаа Засаг даргын зөвлөлийн хуралд өнөөдөр танилцууллаа. Эхний ээлжинд цахилгаан хураагуур, халаагуур болон утааг бууруулахад иргэдийг дэмжихийн тулд бага хүүтэй зээлийг Хасбанкаар дамжуулан олгох юм. Уг сан нь  ашгийн бус, төр бизнесийн салбарынхан хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимтэй хийх, шинэ технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, эцсийн хэрэглэгчид ногоон технологийг хүргэх зорилготой юм. “Ногоон сан” нь танхимын гишүүдийн хандив дэмжлэгтэйгээр санхүүжихээс гадна, гадаад дотоодын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад тулгуурлан үйл ажиллагаа явуулна. Санг байгуулах үндэслэл нь агаар, орчны бохирдлыг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж,  богино хугацаанд үр дүнд хүрэхэд оршиж байна. Хасбанк “Ногоон сан” -г дэмжиж, танхимын гишүүдийн хандив дэмжлэгтэй тэнцүү дүн бүхий хөрөнгийг Санд байршуулан зээлийн эх үүсвэрийг бий болгох юм. Сангийн хөрөнгийг гишүүдийн хандив дэмжлэгээр бий болгохын зэрэгцээ нийслэлээс дэмжихийг өнөөдрийн хурлаар хэлэлцүүллээ. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах” жилийн хүрээнд ийнхүү бизнесийнхэн агаар, орчны бохирдлыг бууруулахад  Нийслэлийн удирдлагын багтай хамтран ажиллахаар болов. 

Шинэ мэдээ