#5. UBCC WEEKLY NEWS

“ТЕНДЕРИЙН УРИЛГА”

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь дараах тендерүүдийг зарлаад байна. Та бүхэн холбогдох линкээр орж тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

  1. Орон сууц, гэр хорооллын гудамж, талбайн гэрэлтүүлгийн ажил /Сонгинохайрхан дүүрэг/ http://ub-procurement.mn/tender/5737/show
  2.   Цэцэрлэгийн барилга /ЧД, 11 дүгээр хороо/  https://tender.gov.mn/mn/invitation/detail/1502877824622
  3. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 ор /Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 54-р цэцэрлэг/-ын ажил http://ub-procurement.mn/tender/5675/show

 

“БАЙГАЛЬ ОРЧИН, АГААР ХӨРСНИЙ БОХИРДЛЫН АСУУДЛААР”

  • Танхимын зүгээс Нийслэлтэй хамтран ажиллах “Зөвлөлдөх ажлын хэсэг” байгуулах талаар санал тавьсныг та бүхэн мэдэж байгаа билээ. Танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн нийслэлийн засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй хоёр дахь удаагаа уулзалт хийлээ. Уулзалтаар гишүүдээс ирүүлсэн, нийгэм эдийн засгийн өндөр үр өгөөжтэй  зарим төслүүд дээр  2 тал хамтран ажиллах, нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар харилцан ярилцсан юм.
  • Агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүрэн цахилгаан тэжээлт автомашиныг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулах тухай А/613 дугаар, авто зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх тухай А/614 дүгээр захирамж гаргаж, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэхээр боллоо.

Автомашины яндангаас гарах хорт утаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг эзэлж, этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог зэрэг нийт 260 гаруй төрлийн хорт бодисыг агаарт ялгаруулдаг.

Иймд агаарын бохирдолтой тэмцэхэд дан ганц гэр хорооллоос ялгарах утаатай тэмцэх бус автомашинаас ялгарах утаатай давхар тэмцэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг.

Олон улсад 2008 оноос эхлэн цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ огцом нэмэгдэж эхэлсэн бөгөөд түлшинд зарцуулах эдийн засгийн хэмнэлт, байгаль орчны хүчин зүйл, нийгмийн эерэг өөрчлөлт, нэр хүндийн баталгаа зэрэг хүчин зүйлс нь иргэдийн худалдан авалтад нөлөөлдөг байна. Өнөөдөр дэлхийн томоохон машин үйлдвэрлэгчид бүгд цахилгаан машин үйлдвэрлэж  байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90% нь цахилгаан авто машин болох тухай судалгаа байна.

Энэхүү шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Байгаль орчин, ногоон хөгжлийн зорилт”-ын хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг бөгөөд цаашид Эко Улаанбаатар хот болох ажлын хүрээнд иргэдийн хэрэглээний зардлыг хэмнэсэн, ногоон хэрэглээг дэмжсэн олон ажлууд хийнэ гэдгийг Хотын дарга онцолж байна .

  • Улаанбаатар хотын Худалдааны Танхим нь Хасбанктай Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологид суурилсан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч, бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцлоо.
  • Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран 2017 оны дөрөвдүгээр сарын 12-28-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэр, туул голын ай сав газарт үйл ажиллагаагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийсэн билээ. Энэхүү шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхардсан 63 аж ахуйн нэгж илэрснээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж тогтоогдсон байна. Газрын хэвлий ашиглах зөвшөөрлөө авсан боловч үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй байгаа байдал нь лицензийн наймаа, болон бусад хууль бус үйл ажиллагааг үүсэн бий болох нөхцөлийг бүрдүүлдэг гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг аж. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эдгээр ноцтой зөрчил гаргасан 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь мөн дуусгавар болголоо. Нийслэлийн хэмжээнд хуулийн дагуу идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй 20 хүрэхгүй аж ахуйн нэгж байна. Хайрга, дайрга, элс тоосгоны шаврын нийлүүлэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 51, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 78 нийт 129 тусгай зөвшөөрөлтэй компани ажиллаж Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түүхий эдийг нийлүүлэх боломж байгаа юм байна.

           Мэдээллийн эх сурвалж: http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=23955  

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Даваахүүгийн Пүрэвдавааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томиллоо.Даваахүүгийн Пүрэвдаваа нь Монгол Бизнес дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн. Интернэт хаус ХХК-д менежер, Юу Би Нэт ХХК-д гүйцэтгэх захирал, Петровис ХХК-д менежер, Цэнан ХХК-д гүйцэтгэх захирал, Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байжээ.