#1. UBCC Weekly News

Ногоон зээл, санхүүжилтийн хүрэлцээтэй байдал

Сар бүрийн гишүүдийн уулзалтын хүрээнд гишүүдийн гаргасан саналын дагуу ногоон зээлийн хүрэлцээг судлах, гишүүдэд ногоон зээлийг хүртээмжтэй болгох үүднээс  Хотын танхимаас Хас банк, Хаан банк болон Ариг банктай уулзаж хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.  Хас банк болон Хаан банкны зүгээс Танхимын гишүүн байгууллагуудад Ногоон зээлийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй танилцуулах, гишүүдэд зориулсан нэмэлт бүтээгдэхүүн гаргах боломжтой эсэхийг судлахаар тохиролцсон ба Ариг банкны хувьд 100 сая төгрөгийн шагналын сантай, Инновацийн уралдааныг зарлаад байгаа ба Танхим хамтран зохион байгуулагчаар оролцож, тодорхой үүрэгтэйгээр ажиллах талаар хэлэлцэж байна.

 

Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар

Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах ихээхэн хэрэгцээ шаардлага байгаа боловч тухайн асуудлыг хариуцсан байгууллагууд татан буугдсаны дээр, хөрөнгийн эрх зөрчигдөх, хувийн компаниудын эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг төрийн байгууллагын нэг талын санаачилгаар цуцлах зэргээр хөрөнгө оруулагч нарын эрх ашиг ихээхэн хөндөгдөж байна. Энэ талаар гомдол гаргах шүүхийн бус байгууллага байхгүйн улмаас энэ мэт гомдол саналууд Ерөнхий сайдад олноор ирэх болсон ба цаашлаад олон улсын арбитр, шүүх рүү шилжиж, их хэмжээний цаг хугацаа, өртөг зардал гардаг гэдэг судалгааг Дэлхийн банк хийсэн байна. 

Хөрөнгө оруулалтын тогтвортой бодлогыг хамгаалах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор 2016 оны 8 дугаар сард Монгол улсын засгийн газрын тогтоолоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” (ХОЭАХЗ)-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын дэргэд ажиллуулахаар байгуулсан билээ.

Тус зөвлөлд бизнесийн байгууллагуудын цөөн тооны төлөөлөл орсны нэг нь УБХТанхимын Ерөнхийлөгч Ж. Оюунгэрэл юм. Гишүүд та бүхэн хөрөнгийн эрхтэй холбоотой, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хөндсөн тодорхой гомдлыг танхимаар дамжуулан эсхүл шууд тус Зөвлөлд хандаж гомдлоо гаргаж, шийдүүлэх боломжтой болсон байна. Одоогийн байдлаар тус зөвлөлд 80 гаруй гомдол ирээд байгаа юм байна. 

Түүнчлэн Дэлхийн банкнаас хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллахаар ХОЭАХЗ –тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

 

Гишүүдийн санал, зөвлөмжийг сонсч байна

Танхимын Гүйцэтгэх захирал нийт гишүүдийг хүлээн авч уулзалт хийж байна. Тэрээр  салбар бүрээр хэсэгчилэн уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтаар гишүүн байгууллагуудын санал хүсэлтийг хүлээн авч, тодорхой  асуудлуудыг шийдвэрлэж эхлээд байгаа юм.

Тухайлбал гишүүдийн хүсэлтээр нийслэлийн тендер худалдан авалтын мэдээ мэдээллийг хүргүүлж, танхимын вэб сайт болон и-мэйлээр гишүүн байгууллагуудын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилах, сар бүрийн гишүүдийн уулзалтаас гадна нетворкинг зохион байгуулах ажлуудыг эхлүүлээд төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.

 

Сингапурын Арбитрын нарийн бичгийн даргатай уулзлаа

Танхимын гүйцэтгэх захирал Сингапурын Арбитрийн нарийн бичгийн даргатай уулзаж хамтран ажиллах, туршлага судлах талаар ярилцлаа.  Тус арбитр нь 25 жилийн өмнө байгуулагдсан ба дунджаар жилд 300 гаруй маргаан шийдвэрлэдэг туршлагатай Арбитр юм.  Өнгөрсөн хугацаанд Монгол улстай холбоотой хэд хэдэн маргааныг шийдвэрлэсэн байна. Цаашдаа УБХТ-ын дэргэдэх Арбитрийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон улсын туршлагатай арбитрууд болон туршлагатай арбитрчидтэй хамтран ажиллахаар зорьж байна. 

 

Улаанбаатар хотын захиргаа болон Танхим хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулна.

Танхимын зүгээс Нийслэлтэй хамтран ажиллах “Зөвлөлдөх ажлын хэсэг” байгуулах санал тавьсны дагуу өнөөдөр танхимын гүйцэтгэх захирал нийслэлийн засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй уулзалт хийж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын дүнд гишүүдээс ирүүлсэн зарим хүсэлтийг шийдвэрлүүлэхээр талаар болон цаашид нийслэлийн зүгээс гаргах захирамжууд дээр танхимаас санал авч, танхим сар бүр гишүүдийн санал хүсэлтийг багцлан нийслэлд хүргүүлж шийдвэрлүүлдэг байхаар харилцан ярилцсан юм.