“ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ САР БҮРИЙН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ”

Улаанбаатар хотын Худалдааны Танхим нь гишүүн байгууллагуудаа хооронд нь холбох, тэдгээрийн санал санаачилгыг хотын удирдлагуудаад хүргэх зорилгоор энэ удаагийн гишүүдийн уулзалтаа 2017 оны 9 сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтын зочноор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва, Нийслэлийн засаг даргын зөвлөх Ж.Мөнх-Эрдэнэ, УБХК-ын гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, Хас банкны Эко банкны хэлтсийн захирал Г.Туул болон Дэлхийн банкны экспортыг дэмжих төслийн мэргэжилтэн Хаш-Эрдэнэ нар оролцсон юм.

Уулзалтын эхэнд тус танхимын ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа гишүүддээ танилцуулахын зэрэгцээ “Улаанбаатар хотын Ногоон сан”-г санаачилан, байгуулах болсон тухай товч мэдээлэл өглөө. Энэхүү ногоон сан нь Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологид суурилсан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч, бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготой бөгөөд Хас банктай хамтран ажиллах юм байна.

Түүнчлэн уулзалтаар Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2018 оны төсөв, төлөвлөгөөгөө танилцуулсан ба ирэх онд нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Тухайлбал, эмнэлгийн гадна тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэх талаар хэллээ.

УБХК төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдээ танилцууллаа. Дэлхийн банк, Хас банк нар гишүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өөрсдийн хэрэгжүүлж буй төслүүдээ мөн танилцуулсан юм.

Уулзалтын ивээн тэтгэгч байгууллага болох ТУС солюшин ХХК өөрийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн бөгөөд манай гишүүн  10 байгууллагад “Байгууллагын засаглалын оношлогоо” хийлгэх эрхийг олгосон юм.  

Дараагийн гишүүдийн уулзалт 2017 оны 10 сарын 11-ны Лхагва гаригт 16:00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох тул гишүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.