“Гишүүдийн уулзалт” Агаарын бохирдол – шийдэл сэдвийн дор 2017 оны 2-р сарын 8-нд Туушин зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа.

Танхимын ээлжит “Гишүүдийн уулзалт” Агаарын бохирдол – шийдэл сэдвийн дор 2017 оны 2-р сарын 8-нд Туушин зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа.  

Энэ удаагийн уулзалтад Нийслэлийн Засаг Дарга бөгөөд  Улаанбаатар Хотын Захирагч С.Батболд , Ногоон хөгжил, Гэр хорооллын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн байгаль орчны газар, агаарын бохирдлыг бууруулах сан, газрын алба, эрүүл мэндийн газар, төсөл хамтын ажиллагааны тасаг болон гэр хороололын дахин төлөвлөлт сангийн  хариуцсан удирдах ажилтнууд оролцлоо.

Уламжлал ёсоор Танхимын Гүйцэтгэх захирал  Д.Ончинсүрэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн ба Эдийн засгийн хөгжил, бизнес хөрөнгө оруулалтын орчны талаар гишүүдийн дуу хоолойг илэрхийлэх, танхимын үйл ажиллагааг танилцуулах зорилгоор сар бүр “Улаанбаатар хотын танхим ярьж байна” нэвтрүүлгийг эхлүүлэхээр Eagle TV-тэй хамтран ажиллах болсон талаар танилцуулсан юм.

Агаарын бохирдлын урт хугацааны шийдэл нь ажилтай орлоготой өрх гэр гэдгийг уулзалтанд оролцогчид онцолж байсан ба Танхимын зарим гишүүн байгууллагууд, хөдөө орон нутагт бизнес эрхлэх таатай нөхцлийг бий болгох,  иргэдийг шинээр ажлын байраар хангах боломжтой органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх Агро Парк төслийг танилцууллаа.

Агаарын бохирдлыг богино хугацаандаа шийдэх боломж бүхий цахилгаанаар халааж, дулаан алдагдлыг багасгах технологийг амжилттай нэвтрүүлж байгаа “Ультрасоник” ХХК-н төсөл нийт оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байсан юм. 

Түүнчлэн гэр хорооллыг барилгажуулах Смарт сити, Цахилгаан хөдөлгүүртэй нийтийн тээврийн шийдэл бүхий төслүүд мөн энэ үеэр танилцуулагдлаа.

Уулзатын үеэр “Канадын Элчин Сайдын Яам”-ны худалдааны хэлтсийн дарга ноён Дуглас Р.Бингеман танхимын гишүүдэд Канад улстай хамтран ажиллах  боломжийн талаар танилцуулга хийсэн юм.

Уулзалт асуулт хариултаар үргэлжилж, Ногоон зээлийн сан бий болгох, ногоон хэрэглэгчдийг урамшуулах механизм бий болгох, “Гэр хороололын дахин төлөвлөлт”-д хамрагдсан иргэдийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх, гэр хороололын дахин төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаа явуулж буй байгууллагыг нэн тэргүүнд авч үзэх тухай саналуудыг гишүүдийн зүгээс нийслэлийн удирдлагуудад хүргүүллээ.

Танхимын дараагийн “Гишүүдийн уулзалт” 2017 оны 3-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдана.

 

 

Шинэ мэдээ