Улаанбаатар Хотын Худалдааны Танхим /УБХТ/-ын Ерөнхийлөгчөөр Ж.Оюунгэрэл, Гүйцэтгэх захирлаар Д.Ончинсүрэн нар томилогдлоо.

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим /УБХТ/-ын Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрөгч сарын 29-нд боллоо. Тус танхимын дүрмэнд 2 жилд нэг удаа гүйцэтгэх удирдлага шинээр томилох тухай заасантай холбогдуулан уг хурлаар одоогийн УЗ-ийн дарга Ж.Од, гүйцэтгэх захирал О.Амартүвшин нарыг үүрэгт ажлаас чөлөөлж, Танхимын ерөнхийлөгч бөгөөд УЗ-ийн даргаар “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, гүйцэтгэх захирлаар “Делоитт-Онч” компанийн ерөнхий захирал Д.Ончинсүрэн нарыг тус тус томилжээ.


УБХТ нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудын санаачлагаар өнгөрсөн оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Нийслэл хотын бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бизнесийн болоод хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор байгуулагдсан юм.

 

Өнгөрсөн богинохон хугацаанд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-г байгуулах Нийслэлийн удирдлагын санаачилгыг маш идэвхитэй дэмжиж, засаглалыг ил тод, олон улсын сайн практик туршлагын дагуу хэрэгжүүлэхийг зөвлөж хамтран ажилласан юм.  НИТХ-ын 2015 оны 4 сарын 30-ны тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан төсөл хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-г байгуулсан.  Тус корпорацийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд хувийн хэвшлийг төлөөлж УБХТ-ийн гурван гишүүн ажиллаж байна.

 

Тус танхимын бас нэгэн чухал санаачилсан ажлын нэг болох УБХТ-ын дэргэдэх Арбитрыг байгуулсаныг онцлон тэмдэглэж байна. Бизнесийн хамтын ажиллагаанд зайлшгүй дагалддаг нэг зүйл нь бизнесийн маргаан байдаг. Энэ төрлийн маргааныг талууд зардал, чирэгдэл багатай, богино хугацаанд шийдвэрлэхийн тулд шүүхийн бус аргаар хөндлөнгийн, хараат бус этгээдээр буюу арбитраар шийдвэрлүүлэх хандлага дэлхий даяар нэмэгдэж байгаа ба Монгол Улсын хэмжээнд хамгийн чанартай, хуулийг дээдэлсэн, шударга, мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг арбитрыг бий болгож, ажиллуулахад хүчин чармайлт гарган ажилласаар байх болно. 

 

УБХТ нь гишүүд болон нийт хувийн хэвшлийн хооронд нээлттэй харилцаа бий болгож, төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэхийн тулд НЗДТГ-тай хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015”, “Улаанбаатар-Худалдан авалт 2016” чуулганыг зохион байгуулсан. Мөн тус танхим нь гишүүн байгууллагуудынхаа хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг болох үүднээс хэд хэдэн улсын худалдааны танхим, бизнесийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

Ирэх жилүүдэд УБХТ нь Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн цаашдын үйл ажиллагааг дэмжиж төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрын үйл ажиллагааг тогтмолжуулж, Нийслэлийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэх хууль эрх зүйн орчныг тогворжуулах, сайжруулах, нийт гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлж идэвхитэй, тасралтгүй ажиллах болно.  
 

Улаанбаатар хот 

 

Шинэ мэдээ