МОНГОЛ БАНКНААС ГАРГАСАН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ 

Бодлогын хүүг 4.5 нэгж хувиар өсгөх тухай Дугаар: 2016/04 Мөрдөх огноо: 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа. Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа. Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална.

 

МОНГОЛБАНК

Эх сурвалж: www.mongolbank.mn

Шинэ мэдээ