“УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ, ХАС БАНК НАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА”

ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сан, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам болон Байгаль Орчин Уур Амьсгалын Сангийн дэмжлэгтэйгээр Ногоон Санхүүжилтийн анхдугаар чуулган”ыг 2017 оны 9 сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

“Боломжийг бодит болгоё” сэдвийн дор явагдсан тус чуулганд эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг болон дээрх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахаар сонирхож буй 350 гаруй иргэн ААН, төр засаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд ногоон бизнесийн хөгжил, санхүүжилтын боломжийн талаар хэлэлцэж, гарц шийдлүүдийг танилцуулсан юм.

Уг чуулганы үеэр Улаанбаатар хотын Худалдааны Танхим Хас банктай хамтран  Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологид суурилсан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч, бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа.

Тус хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд “Улаанбаатар хотын Ногоон зээлийн сан”-г байгуулж, гэр хорооллын айл өрхүүдэд нүүрс түлэхээс бусад хэлбэрээр халаалтаа шийдэхэд нь бага хүүтэй санхүүжилт олгох замаар агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллах юм.