Карт ашиглахдаа анхаарах зүйл

2018 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 4 сая карт иргэдэд байгаагаас 1.4 саяыг нь идэвхтэй ашиглаж байна. Карт хэрэглэгчдийн тоо өссөн нь бэлэн мөнгөний хэрэглээ буурч байгааг илтгэнэ. Энэ нь сайн хэрэг. Бид соёлтой хэрэглээ рүү шилжиж байна.

Гэвч та картаа аюулгүй хэрэглэж чаддаг уу? Бид олон нийтийн газруудад явахдаа цүнх, түрүүвчээ хямгадан, хулгайд алдах вий гэж болгоомжилдог. Гэтэл таны цалингийн, зээлийн карт байх ёстой газраа байсан ч та мөнгөө алдах тохиолдол бий.      

АТМ АШИГЛАХДАА

Цалин буусны орой бид хамгийн түрүүнд ойролцоох АТМ-аас бэлэн мөнгө авдаг. Ингэхдээ таны ойр орчимд өөр хүн байгаа, эсэхийг анзаарч, нууц үгээ хэнд ч харагдуулахгүйгээр оруулаарай. Мөн АТМ-ийн өмнө дараалалд зогсохдоо өмнөх хүнээс аль болох хол зогсон, бусдад ч адилхан шаардлага тавих хэрэгтэй. Аль болох танихгүй хүнээс тусламж авахгүй байх, баримт хэвлүүлсэн бол марталгүй авах, картаа заавал авах, картаа шургуулдаг хэсэгт ямар нэг зүйл шинээр нэмсэн, суурилуулсан гэх мэт сэжигтэй, танил биш зүйл байвал нэн даруй банканд мэдэгдэх, тухайн АТМ-ийг ашиглахгүй байх нь зөв.  

Гэмт хэрэгтнүүд оюутнуудад санал тавин, данс руу чинь сая төгрөг оруулна. Чи 100 мянгыг нь аваарай хэмээн хууль бусаар олж авсан мөнгөө бусадтай хуваалцдаг.

Бид худалдан авалт хийх, ямар нэг үйлчилгээ авах бүртээ картаа ашигладаг. Энэ тохиолдолд таны нууц үг мөн л маш нууц байх ёстой. Заримдаа дэлгүүрт гэр бүлээрээ явж буй хүмүүс хүүхдэдээ эсвэл эхнэртээ кодоо бусад хүмүүс ч сонсохоор чанга хэлээд хээв нэг зогсож байдаг. Үүний оронд худалдагчаас пос машинаа өгөхийг хүсэх нь хамгийн ухаалаг үйлдэл. Ямар ч тохиолдолд ЗӨВХӨН ӨӨРӨӨ нууц кодоо оруулж хэвшээрэй. Таны картыг нүднээс далд газар уншуулахыг огт зөвшөөрч болохгүй. 

Зарим шатахуун түгээх станцад цөөн тооны пос машин байдгаас ч тэр юм уу хэрэглэгчийнхээ картыг борлуулагч аваад, оффистоо уншуулаад буцаан авчрах нь түгээмэл. Уг нь картаа өгч явуулах нь ихээхэн ЭРСДЭЛТЭЙ.  Яагаад гэвэл…


БОЛСОН ЯВДАЛ

Өнгөрсөн оны эхээр нийслэлд ийм хэрэг гарчээ. Нэгэн томоохон зоогийн газрын зөөгч үйлчлүүлэгчийнхээ картыг, нууц дугаартай нь авсан байна. Тэр картыг пос машиндаа уншуулан, төлбөрийг нь гүйцэтгээд, баримтын хамт үйлчлүүлэгчдээ буцаан өгөх ёстой. Гэвч тэгсэнгүй. Түүний зорилго төлбөрийг шуурхай хийх биш, харин картын мэдээллийг хуулж авах байв. Ингээд гарын алганд багтах жижиг төхөөрөмжид картыг нь уншуулж, картын үлдэгдэл гэх мэт бусад мэдээллийг авчээ. Дараа нь өнөөх мэдээллээ хуурамч картад хуулж, тэр картаараа АТМ-ээс бэлэн мөнгө авсан байна. Учир нь тэр нууц үгийг нь мэддэг болсон. Гэнэн, хар буруу санаагүй үйлчлүүлэгч нууц кодоо түүнд өөрөө хэлчихсэн шүү дээ.Гэмт хэрэгтэн АТМ-ээс мөнгө авахдаа камергүй АТМ сонгож, малгайтай цамц өмсөн, амны хаалт зүүж, нүүрээ халхлахаа ч мартсангүй. Харин хохирогч мөнгөө алдсаны дараа цагдаад ханджээ.

Тэд хууль бусаар олсон мөнгөө хэзээ ч банкаар дамжуулан авдаггүй. Өөрийнхөө дансаар бол бүр хэзээ ч авдаггүй юм байна.

Иймд АТМ-ийн өмнө дугаарлах иргэдийг гэмт хэрэгтээ ашигладаг. “Би хөдөөнөөс ирсэн оюутан байна. Гэрээс над руу мөнгө шилжүүлэх гэтэл би картаа гээчихлээ. Яаралтай мөнгөний хэрэг гараад. Таны данс руу шилжүүлээд, та надад АТМ-ээс аваад өгөөч” гэж хүснэ. Бусдад туслахад буруудах юу байх вэ гээд өнөө хүн  данс руу нь шилжсэн мөнгийг аваад өгчихдөг. Эсвэл гэмт хэрэгтнүүд оюутнуудад санал тавин, дансанд чинь 1 сая төгрөг оруулна. Чи 100 мянгыг нь аваарай хэмээн хууль бусаар олж авсан мөнгөө бусадтай хуваалцсан тохиолдол ч байдаг аж. Ийм учраас л танд НУУЦ ҮГЭЭ хэнд ч бүү хэлээрэй гэж зөвлөөд байгаа юм.

Гэмт хэрэгтнүүд таны картын мэдээллийг dark web гэж нэрлэдэг, хууль бус наймааны цахим хуудсанд худалдах бизнес ч бий. Та аль банкны, ямар төрлийн карт ашигладгаас картын мэдээллийн үнэ хэдэн ногоон хүрэх нь хамаарна.

Сүүлийн үед банкууд зээлийн картууд санал болгон, иргэд ч ашиглах нь ихсэв. Ийм карттай бол та илүү сэрэмжтэй байгаарай. Таны өмнөөс хэн нэгэн зээл авч, та төлөх юм биш биз? Тэгэхээр зээлийн картынхаа зээл авах дээд хязгаар зэргийг ч нууцлан, энэ мэдээллийг өөртөө л хадгалаарай.

Энэ мэт ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ-ээ нууцалбал та дансны аюулгүй байдлаа хангаж, мөнгөө алдахаас урьдчилан сэргийлж чадлаа гэсэн үг. Яаж хамгаалах аргуудаас одоо танилцуулъя.

  • Картынхаа НУУЦ ҮГ-ийг хэнд ч дамжуулж болохгүй. Хэрэв эхнэр/нөхөр, хүүхэд, найздаа, хамтран ажиллагчдаа зайлшгүй шаардлагын улмаас хэлсэн бол даруй өөрчлөөрэй. Үүний тулд та банк руу явах шаардлагагүй. АТМ-ийн тусламжтайгаар, үнэ төлбөргүй солих боломжтой.
  • Төрсөн он сар өдөр, утасны дугаараа картын нууц үг болгон бүү ашиглаарай.
  • Нэгээс илүү карттай бол өөр өөр нууц үг сонгоно.
  • Шинэ карт авсан даруйдаа дагалдан ирсэн дугтуйг устгана. Нууц үг бичсэн дугтуйгаа цүнхэлж явах, түрүүвчиндээ хадгалах нь аюултай. 
  • Картынхаа нууц кодыг тогтмол өөрчилж хэвшээрэй. 
  • Картаа гээсэн бол нэн даруй банкны лавлах утас руу холбогдож, картаа хаалгаарай. 

             ХААН банкны санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв.

Шинэ мэдээ