УИХ: 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж баталлаа

Төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг УИХ нэг их наяд 553 тэрбум төгрөгөөр батлаад байна. Энэ нь Засгийн газрын өргөн барьсан хэмжээг 336 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн дүн боллоо.

төсөв зурган илэрцүүд

Төсвийн орлого, зарлага алдагдлын хэмжээг Засгийн газрын өргөн барьснаар баталсан ч зарим өөрчлөлт оруулсан гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Тухайлбал, 2019 оны төсвийн төслөөс Сангийн сайдын багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129 тэрбум төгрөг, агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр танасан байна. Мөн боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөг, гаалийн шинэчлэлийн санхүүжилтийг 12 тэрбум төгрөгөөр тус тус хасжээ. Харин танагдсан зардлаас Хүүхэд хамгааллын төсвийг 5.6 тэрбум төгрөгөөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийг найман тэрбум төгрөгөөр нэмэх зэрэг өөрчлөлтүүдийг оруулжээ.

2019 онд Засгийн газраас шинээр эхлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 85 хувийг нь барилга, байгууламж эзэлж байгаа гэж нээлттэй нийгэм форумын судалгааны баг мэдээлж байна. Мөн ирэх онд шинээр 395 эхлэх барилга байгууламж эхлүүлнэ. Үүний санхүүжилт нь 1.1 их наяд төгрөг бөгөөд 52 хувь буюу 576.2 тэрбум төгрөгийг нь 2019 онд санхүүжүүлэхээр тусгасан гэж мэдээллээ.

Судалгааны багаас 2019 онд төсвөөс санхүүжих ойролцоо хүчин чадалтай барилга, байгууламжийн төсөвт өртөг хэлбэлзэл өндөртэй байгаа гэж мэдээлсэн юм. Тухайлбал, багийн төвийн барилгын төсөв 40 саяас 350 сая төгрөгийн хооронд, Засаг даргын тамгын газрын барилгын төсөв 825.1 саяас 1.3 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм байна.