2018.5.18 Үйл явдлын товчоон

Монголд

“Эдийн засгийн форумыг хэрхэн илүү үр дүнтэй зохион байгуулах вэ?” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. “Монголын эдийн засгийн форум 2018” ирэх даваа, мягмар гарагт болно.   Төрийн ордонд болох форумаар нийт 12 сэдэв хөндөхөөр төлөвлөжээ. 21 аймгийн Засаг дарга анх удаа энэ форумд оролцоно.

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр Ромын Пап Гэгээн Хутагт Францист Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав.Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаатай холбогдуулан Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга буюу Засгийн газрын тэргүүн Тэргүүн хамба Петро Паролин, Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Тэргүүн хамба Пол Ричард Галлагер, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга Пауло Боржиа нар Элчин сайд Л.Пүрэвсүрэнг тус тус хүлээн авч уулзав.

Зээлийн хүүг захиргаадалтын бус аргаар бууруулж, 2024 он гэхэд 16 хувь болгохоор зорьж байгаагаа Засгийн газар мэдээллээ. Энэ хүрээнд нийт санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээлийн эзлэх хувийг 12 хувьд хүргэж өсгөнө гэж онцолсон юм. Монголбанкны мэдээлснээр арилжааны банкнуудын зээлийн дундаж хүү 2018 оны гуравдугаар сарын байдлаар 19.1 хувьтай байгаа аж. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүд дээд хязгаар тавих хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Харин Монголбанк зээлийн хүүг зах зээлийн зарчмаар буулгах ёстой гэсэн байр суурь баримталж байна.

Эрэлтийн хувьд нийслэлд амьдардаг өрхийн 16.3 хувь буюу 35.4 мянган өрх, орон нутгийн 12.2 хувь буюу 14 мянган өрх орон сууц худалдан авах чадамжтай гэж хариулжээ. Харин нийлүүлэлтийн хувьд, Улаанбаатар хотод 62.3 мянган айлын орон сууцны 427 төсөл, орон нутагт 13 мянган айлын 136 төсөл тус тус хэрэгжиж байна. Үүнээс ойрын гурван жилд нийслэлд 38.5 мянган айлын, орон нутагт 10.8 мянган айлын орон сууц ашиглалтад орно.

Дэлхийд

Хунтайж Харри, Меган Маркл нарын хурим маргааш болно. Уламжлал ёсоор хуримын аялгуу эгшиглэхэд сүйт бүсгүйн аав охиноо хөтлөн хуримын ёслолын танхимд орж, сүйт залууд нь хүргэж өгдөг билээ.

 

Гэвч Меган Марклын хувьд таагүй мэдээг дуулгаад байсан юм. Түүний аавын зүрх хэд хоногийн өмнө муудаж, биеийн байдал нь тааруу байснаас, хуримд очиж чадахааргүй болж, улмаар охиноо хөтлөн алхах боломжгүй болжээ. Тиймээс түүнийг хэн хөтлөн сүйт залууд нь хүргэж өгөх нь тодорхойгүй байв.CNN агентлагаас мэдээлснээр хунтайж Харригийн аав хунтайж Чарльз бэрээ хөтлөн алхахаар болсон талаар Кэнсингтоны ордноос зарласан байна.

АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ анх удаа эмэгтэй захиралтай боллоо. ТТГ-ын захирлын албан тушаалд нэр дэвшсэн 61 настай Жина Хаспелийг Сенатын 51 гишүүн дэмжсэн бол 43 нь татгалзжээ. Тус байгууллагын өмнөх тэргүүн Майк Помпео АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон тул ийнхүү ТТГ-ын захирлаар шинэ хүн томилсон байна.

 

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компанийн захирал Марк Цукерберг ирэх долоо хоногийн эхээр Бельгийн нийслэл Брюссель хотод Европын парламентын удирдагчидтай уулзах гэж байгаа тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.“Фэйсбүүк” хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хадгалан хамгаалах чиглэлээр одоо ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгааг тэрбээр уулзалтын үеэр Европын парламентын удирдагчдад тайлбарлах бололтой.