Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилт 2013 оноос хойш 4 дахин буурчээ

Есдүгээр сарын байдлаар Монголбанк, Сангийн яам хамтран 2724 иргэний ипотекийн зээлийг 203.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөгийг олгоод байгааг Төв банк мэдээллээ. 2017 оноос хойш ипотекийнзээлийн хөтөлбөрийн санхүүжилт огцом буураад байна. Тухайлбал, 2013 онд хөтөлбөр эхлэхэд 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн бол 2017 оны эцсийн байдлаар санхүүжилтийн хэмжээ дөрөв дахин буурч, 350 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Санхүүжилтийг даган зээлд хамрагдсан иргэдийн тоо ч мөн адил огцом буурсан байна. 2013 онд хамгийн ихдээ есдүгээр сард 3000 гаруй хүн ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж байсан бол 2018 оны есдүгээр сард Монголбанкны санхүүжилтээр 200 гаруй хүн ипотекийн зээлд хамрагджээ.

Ирэх онд ипотекийн хөтөлбөрийн санхүүжилт нэмэгдэхгүй байх хандлагатай байна. Учир нь Сангийн яам ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг энэ оны батлагдсан түвшнээс таван тэрбум төгрөгөөр танаж, 115 тэрбум төгрөгт хүргэсэн байгаа юм. Харин Монголбанк ипотекийн хөтөлбөрийг зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа цаашид Сангийн яамд шилжүүлэх бодлого барина гэж мэдээллээ. Хэдий тийм боловч Сангийн сайд төсөв өргөн барих үеэр ипотекийн хөтөлбөрийг энэ жилдээ Сангийн яам бүрэн шилжүүлж авахгүй, төлөвлөгөө боловсруулж байгаа гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Мөн Төсвийн төсөлд ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэх ямар нэгэн арга хэмжээний төлөвлөгөө суугаагүй байна.

2018 оны эхний хагас жилийн байдлаар орон сууцны барилгын барилга угсралт, их засварын ажилд эзлэх хувь 33.2 болж өмнөх оны мөн үеэс 4.2 пунктээр буураад байгаа юм.

Эрэлт талаас нь харвал худалдан авах чадвартай орон сууцны эрэлт нийлүүлэлтээсээ ойрын гурван жилд 5000 гаруйгаар бага байна гэж “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Учир нь худалдан авах чадваргүй байгаа нь санхүүжилттэй холбоотой гэж дүгнэжээ.