Дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд 530 тэрбум төгрөг даваад байна

 

Нэгдүгээр сарын 10-ны байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 530 тэрбум төгрөгийг даваад байна. Үүний 80 орчим хувийг “Топ 10” компани бүрдүүлж байгаа юм. Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч 10 компанийн долоо нь I ангиллын, гурав нь II ангиллын компаниуд байна. Энэ дундаас “ЛэндМН”, “Мандал даатгал” зэрэг хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүнүүд “Топ 10”-т шинээр нэмэгдсэн нь олны анхаарал татаж байгаа юм. Харин энэхүү жагсаалтыг АПУ компани дахин тэргүүллээ. АПУ компанийн зах зээлийн үнэлгээ 2017 оны 12 дугаар сард буюу нэгдлийн дараа 960 тэрбум төгрөгийг давж байсан юм. Өөрөөр хэлбэл дотоодын хөрөнгийн зах зээлд нэг их наяд төгрөгөөр хэмжигдэх анхны компани болоход ойрхон байжээ.

Харин үүнээс хойш жил гаруйн хугацаанд тус компанийн хувьцааны ханш 30 орчим хувиар унаж, улмаар зах зээлийн үнэлгээ нь 679 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Үүний дараа “Тавантолгой” компани 384.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэйгээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа юм. “Тавантолгой” компанийн хувьцааны ханш 2018 оны гуравдугаар сард 700 тэрбум төгрөгт хүрч дотоодын хөрөнгийн захад зах зээлийн үнэлгээгээр тэргүүлж байв. Тухайн үед нүүрсний гарц нэмэгдэх хүлээлттэй холбоотойгоор хувьцааны ханш нь 13 мянган төгрөгийг даваад байжээ. Хэдий тийм боловч одоо үнэлгээнийхээ талыг алдаад байна гэж хэлж болохоор байна.

АПУ, “Тавантолгой” компанийн дараа “МИК холдинг”, “Говь” компаниудын үнэлгээ гурван оронтой тоогоор хэмжигдэж байгаа юм.