Мах, махан бүтээгдэхүүний дотоодын зах зээл тэлж, эксдорт нэмэгдэж байна

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл төрөлжихийн хэрээр дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадал өргөжсөөр байна. Улсын хэмжээнд нийт 123 мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех байгаа аж. Монгол Улс 2018 оны эхний найман сард 10.5 тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортолсон байна.

2018 оны гуравдугаар сард хиам, консервын шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулсан “Очирдагинас” ХХК одоо 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн болон хиам, элэгний нухаш, зайдас, утсан мах, жигнэсэн мах үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. 2018 оны эхний есөн сард 900 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 7.5 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 12 хувийн өсөлттэй үзүүлэлт болж байна. Тус компанийн хиам, консервын шинэ үйлдвэр өдөрт 10-15 тонн хиам, мах, махан бүтээгдэхүүн, гурван тонн лаазалсан мах үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ оны хоёрдугаар сард БНСУ-д 20 мянган ширхэг хоёр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд дараагийн 1.6 сая ширхэг бүтээгдэхүүний гэрээ хийгдээд явж байгаа талаар тус компани мэдээллээ. БНХАУ-д “Талын домог” брэнд бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөжээ.

Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар органик мах ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэж үйлдвэрлэгчид онцолж байна. Тийм учраас нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн экспортлох нь илүү давуу талтай гэж “Мөнхийн болор” ХХК онцолсон юм. 30 гаруй төрлийн хиам зайдас, бүх төрлийн ангилсан мах үйлдвэрлэдэг тус компани энэ он гарснаас хойш 572 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Хамгийн сүүлд шугамын вакуум савлагааг үйлдвэртээ нэвтрүүлсэн “Мөнхийн болор ХХК” БНХАУ-д хоёр төрлийн хиам экспортолж байгаагаа мэдээллээ. Харин монгол малын эрүүл ахуйг сайтар хангаснаар мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломж их байгааг онцолсон юм.

“Мөнхийн болор” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болормаа

Үүнээс гадна өдөрт 30 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Хатансүйх импэкс” ХХК 2018 он гарснаар 3035 тонн хиам, зайдас, хатаасан мах, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаагаа мэдээллээ.

Одоогоор дотоодын 19 компани мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй байгаа аж. “Хатансүйх импэкс” компани БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн, харин БНСУ-д ясны шөл экспортолж байна. Энэ онд ойролцоогоор 20 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд дотоод болон гадаадын борлуулалт 25 хувиар өссөн талаар мэдээллээ.

Шинэ мэдээ